Шинэ цэгээр 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-14 09:16:37
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотоос 100 километрийн зайд, олон улсан зам дагуу Япон улсын “Жайка” ОУБ-ын дэмжлэгтэйгээр Төв аймгийн Борнуур сумын Нарт багт “Хүнсний ногооны шууд борлуулах цэг” байгуулав.

Нээлтэд Япон улсын Обихиро хотын төлөөлөгч Макото Шинкава, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, аймгийн ХХААГ-ын дарга Ц.Жамбалдорж, Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, ЗДТГ-ын албан хаагчид бусад дагалдах албаны төлөөлөл оролцов.

Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл зэрэг хойд чиглэлийн олон улсын зам дагуу баригдсан борлуулалтын цэгийг барьж байгуулахад нийт 261 сая төгрөг зарцуулжээ. Тус борлуулалтын цэгээс 30 өрхийн үйлдвэрлэгчдийн 20 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногооны төрлөөс иргэд хямд үнэтэй  экологийн эрүүл хүнсийг худалдан авах боломж бүрдэж буй юм. Нээлтийн үйл ажиллагаанд тус сумын тариаланч ногоочид, иргэд сонирхогчид зэрэг нийт 150 гаруй хүн оролцлоо.

Түүнчлэн худалдаалагдаж буй ногооны шошгон дээр тариаланчдын нэр, таримлын төрөл, соорт, үнэ, кг, тариаланчийн өрхийн код зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж өгсөн нь илүү онцлог болсон гэдийг худалдан авагчид онцолж байв.

Т.Есүхэйтөмөр
相关新闻