А.Өнөржаргал: "Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-12 22:42:19
oyuka_hu@yahoo.com
Орхон\МОНЦАМЭ\ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргалтай элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлынх нь талаар  ярилцлаа. 
 
-Монгол Улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Орхон аймагт уг хөтөлбөр  хэрхэн хэрэгжиж байна вэ? 
 
-“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр энэ оны гуравдугаар сард батлагдсан. Улс орон даяар тавдугаар сарын таванд нээлтээ хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны хүмүүсийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд тоолж, эмчилгээ хийх ёстой. Яг энэ үйл ажиллагааг орон нутагтаа Өрхийн эрүүл мэндийн төв,  Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 40-65 насны 17 мянган иргэн вирус илрүүлэх шинжилгээ хийлгэсэн.  Энэ нь хөтөлбөрт хамрагдах ёстой хүмүүсийн 63 хувь нь гэсэн үг. Шинжилгээнд 12309 буюу 45.2 хувь нь хамрагдсан. Эдгээрээс 16.2 хувьд нь С,  есөн хувьд нь В вирус илэрсэн. Манай аймагт В, С вирусын эмчилгээ хийх эрх бүхий зургаан эмч байдаг. Тэд өвчтөнүүдээ хянаж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа.
 
-“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр батлагдахаас өмнө Орхон аймаг “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг зарласан. Аяны хүрээнд ямар ажил хийж байна вэ?
 
-Манай аймгийн хувьд “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөрийг 2016 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа. Аян гурван чиглэлд үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, “Элэгний вирусгүй хамт олон” болох. Энэ чиглэлийн хүрээнд хамт олонд нь сургалт явуулж байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 40-65 нас гээд нас заачихсан байгаа. Харин манай “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөрт нас заагаагүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа 18-аас дээш насны бүх хүмүүст вирусын илрүүлгийн шинжилгээ хийж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 44 байгууллагын 3094 алба хаагчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан. Шинжилгээгээр вирус илрээгүй тохиолдолд вакцинжуулах ажлыг “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд В, С вирусын шалтгаант өвчлөлтэй 2116 иргэнийг бүртгэлжүүлж, 522 албан хаагчийг В вирусын сайн дурын дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр 522 хүнийг В вирусын халдвар авах эрсдэлгүй болгож чадсан. Мөн 5941 иргэн элэгний өвчлөл болон амьдралын буруу дадлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох танхимын сургалтад, 771 иргэн эхо оношилгоонд, 780 иргэн элэг, цөсний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт, 2994 иргэн В вирусын дархлаажуулалтад, 4411 иргэн В, С вирус тодорхойлох шинжилгээнд хамрагдсан. Үүнээс гадна хөтөлбөрийнхөө хүрээнд амьжиргааны төвшин доогуур алслагдсан гэр хорооллын есөн цэгт “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу сургалт явуулсан. Мөн В, С вирусын илрүүлэг шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх вакциныг үнэ төлбөргүй хийхээр болсон. Үнэ төлбөргүй вакциныг 2000 орчим хүнд хийхээр төлөвлөн, ажлаа эхлүүлсэн. Эдгээр вакциныг “Эрдэнэтийн эрүүл иргэн”  ТББ, Хавдар судлалын үндэсний төвд санал гаргаад хөнгөлөлттэй үнээр вакциныг авахаар болсон. Вакцины үнийн тал хувийг Дэлхийн зөн байгууллага гарган, дэмжин ажиллаж байна.

-Элэгний вирустэй эхээс төрсөн нярайд вакцин хийдэг болсон гэж сонссон. Энэ ямар учиртай вакцин юм бэ? 
-Өнгөрсөн гуравдугаар сард “Элэгний В вирусын халдваргүй нярай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд батлагдаж, орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний В вирусын халдвартай эхээс төрсөн хүүхдэд 24 цагийн дотор В вирусын вакцин тарих юм. Үүнтэй хамт иммуноглобулин хийнэ. Ингэхээр вирусын халдвартай эхээс хүүхдэд вирус халдварлахгүй болно гэсэн үг. Орхон аймагт жилд 2000 орчим эх төрдөг. Үүний 10 гаруй хувь нь В вирусын халдвартай байдаг гэсэн судалгаанд үндэслэн 300 нярайд хийнэ гэсэн тооцоог гаргасан. Улс дөнгөж үндэсний хөтөлбөрөө батлаад улсын төсөвт хөрөнгийг нь суулгаагүй бол манай аймаг 2017 оныхоо төсөвт суулгаад бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Улаанбаатарт ЭХЭМҮТ болон “Гурван гал” эмнэлэгт эхчүүд хувиараа мөнгө төлж иммуноглобулинтай хавсарч,  В вирусын эсрэг вакцинаа хийлгэдэг юм байна. Солонгост бол 500 орчим ам.долларын үнэтэй. Монголд 500 орчим мянган төгрөгийн үнэтэй байдаг гэсэн. Бид хөтөлбөрийн хүрээнд “Эм импекс” компанитай хамтран ажиллаж байна. Тэднийх орон нутаг ийм ажил хийж байгаа бол бид дэмжье гээд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон. Тэгэхээр иммуноглобулин орж ирэх гэрээ хэлэлцээр хийгдсэн. Вакцинаа хадгалах хөргөгчөө бэлдчихсэн. Дээр нь өрх болон төрөх эмнэлгийн эмч, сувилагч нараа сургалтад хамруулсан. Одоо ЭМЯ-аас бидэнд зөвшөөрөл өгөхөд шууд хийх боломж бүрэн хангагдаад байна.

-ЭМЯ-д хүсэлтээ өгчихсөн үү. Одоогоор ямар нэг хариу ирсэн үү? 
-Хүсэлтээ өгсөн байгаа. Хавдар судлалын үндэсний төвд мөн хүсэлт гаргасан. Нэгэнт үндэсний хөтөлбөрт тусгагдсан учир энэ ажил хийгдэнэ. Харин ч та нар улсаас өмнө эмийг орон нутгийн төсөвтөө суулгаад бэлтгэлээ хангачихсан байгаа нь сайн хэрэг, дэмжиж байна гэсэн бичвэр ирсэн. Бид “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд В вирусын халдварыг бүрэн устгана гэсэн том зорилт тавьчихсан байгаа. Энэ хүрээндээ хамт олонд, гэр бүлд сургалт өгч байна. Дээр нь нярайдаа вакцин хийгээд эхэлж байна.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻