Ц.Тогооч: Цаг алдалгүй өвөлжилтийн бэлтгэлийг базаах чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-11 13:04:08
Yesukheitumur Tumurbaatar
Энэ жилийн зуншлагын байдал болоод намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан байгаль цаг уурын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Төв аймгийн УЦУОШГ-ын дарга Ц.Тогоочтай ярилцлаа.

-Энэ жил зуншлага, одоогийн нөхцөл байдал ямар байна?


-Энэ жил дөрөв, тав, зургаан сард их халалт Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн. Долоон сарын эхний арав хоногт энэ байдал хадгалагдаж, хоёрдугаар арав хоногт зүүн аймгуудын баруун хэсэг гайгүй болсон бол бусад нутгаар гантай байдал хэвийн хадгалагдсан. Гуравдугаар арав хоногт бороо орж эхэлснээс хойш Төв аймгийн зүүн талын сумуудад зуншлага сайжирсан. Наймдугаар сарын эхний арав хоногт аймгийн хэмжээнд маш хүчтэй, хүчтэй гантай байдал хадгалагдсан.

-Аль аль сумдаар илүү гантай байв?

-Бид энэ зуны зуншлагын байдлын зураглал гаргасан. Долдугаар сарын 20 хүртэл бороо хомс орсон учраас аймгийн урд, төв, баруун, хойд хэсгүүдэд хүчтэй гангийн зэрэглэлд багтсан бол зүүн талын Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянжаргалан сумдын орчмоор хэвийн бусад нутгаар гандуу байлаа.

-Нийт нутгаар гандуу, гантай байна уу? Одоогоор нөхцөл байдал сайжирсан сумууд бий юу?

-Энэ жилийн бороо долоон сарын хоёрноос эхэлж орсноос гангийн байдал нийт нутгаар сайжирсан. Найман сарын 11-ний өдрийн байдлаар аймгийн баруун талын Заамар, Цээл, Угтаалцайдам, Лүн ган хэвээр үргэлжлэв. Бусад нутгаар буюу нутгийн зүүн хагас Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагааны зүүн тал, Зуунмод, Алтанбулаг зүүн хойд тал, Баянчандмань, Бүрэн, Дэлгэрхаан зэрэг сум харьцангуй сайжирсан. Долоодугаар сарын 20 найман сарын 20 хүртэл нэг сарын хугацаанд ихэнх нутгийг хамарсан бороо хур орж аймгийн төв болон зүүн хойд, баруун урд нутгаар зуншлага сайжирч, гандуу буюу хүчтэй гантай байдал арилсан.

-Гантай зун болсны шалтгааныг юу гэж үзэж байна?

-Олон хоног халуун, хуурай хур тунадас бага орсноос болсноос ган бий болоход нөлөөлсөн. Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дөрвөн хэмээр дулаан, тавдугаар сард 7,8 хэм, зургаа бол долдугаар сард 7,2 хоёр хэмийн дулаан байсан ган болоход голлон нөлөөлсөн. Харин наймдугаар сарын эхний нэг болон хоёрдугаар арав хоногт 6,6-4,1 хэмийн дулаан үргэлжилж, наймдугаар сарын сүүлийн арав хоногт хэт халалт сэрүүсэх төлөвт шилжсэн.

-Агаарын температурын хувьд ямар байв?

-Тавдугаар сард агаарын температур 34,9 хэм, хөрсөн дээр 61 хэм хүрч халсан. Зургадугаар сард агаарын температур 39 хэм, хөрсөн дээр 68 хэм байсан бол долдугаар сарын агаарын температур 40 хэм, хөрсөн дээр 66 хэм хүрсч халлаа. Харин наймдугаар сарын байдлаар агаарт 33 хэм хүрч халсан юм. Эдгээр халалтаас болж Төв аймгийн баруун хагас нэлэнхийдээ хүчтэй ганд өртсөн. Бид агаарт 30 хэм, хөрсөн дээр 40 хэм хүрч халсан өдрүүдийг голлон авч үздэг. Эндээс үзэхэд тавдугаар сард агаарын температур гуч буюу түүнээс дээш давж халсан өдрийн тоо 3-6, зургаан сард 12-24 болж нэмэгдсэн юм. Харин хөрсөн дээр 40 хэмээс дээш давж халсан өдрүүдээс тавдугаар сард 21-25, зургаан сард 24-29, долоон сард 19-31 удаа давтагдав.

-Энэ жил бороо хур орон олон жилийн дунджаас цөөхөн оров уу?

-Хур тунадас тавдугаар сард нутгийн төв, баруун хойд олон жилийн дундаж орчим буюу нэмэгдэж орсон бол зургаан сарын дундаас хур тундасны хэмжээ багасаж, долоодугаар сарын турш хур тунадас үндсэндээ ороогүй. Наймдугаар эхний арав хоногт баруун урд болон зүүн хэсэг, хоёрдугаар арав хоногт зүүн хойд, төв хэсэгт  боломжийн хур тунадас орсон. Харин гуравдугаар арав хоногоос нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо.

-Их халалт хөрсөнд ямар нөлөө үзүүлэв?

-Аймгийн нийт нутгаар маш хүчтэй гангийн байдал зуравдугаар сар бүтэн, долоодугаар сарын 20-г хүртэл үндсэндээ хоёр сарын гармын хугацаанд үргэлжилсэн. Олон жилийн дунджаас хур тунадас бага, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1,2- 7,8 хэмээр дулаарч, агаарт 40 хэм хүртэл халж, хөрсөн дээр 55-68 хэм хүрч халсан зэргээс үүдэн хөрсний ус зүйн тэнцвэр алдагдахад хүргэсэн. Хөрсний ус зүйн тэнцвэр алдагдсанаас ургамал хатаж, ургалт нь зогссон юм. 

-Өвс ургамлын гарц ямар байна вэ, бэлчээрийн даац муудах төлөвтэй байгааг малчид санаа зовж байна?

-Хадлан авдаг нутгийн хойд, баруун хойд хэсгээр ургамлын өндөр хамгийн бага буюу 3-7 см өндөртэй байна. Харин нутгийн зүүн урд талын хэсгээр ургамлын өндөр 12-17 см байна. Бэлчээрийн даац, багтаамж Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан зэрэг суманд илүү сайн байна. Мөн Алтанбулаг, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн сумын баруун тал, Баян сумын зүүн тал, Архуст зэрэг суманд бэлчээрийн талбай хүрэлцээтэй байгаа бол нутгийн хойд талын Сүмбэр, Цээл, Борнуур, Заамар  Угтаалцайдам, Лүн болон баруун талын Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Алтанбулаг, Лүн, Баянхангай зэрэг сумын нутгаар бэлчээрийн даац хэвийн хэмжээнээс хэд дахин их хэтрэлтэй байна.

-Ургац хураалт өвөлжилтийн бэлтгэл ажил гээд энэ сард хийх ажил их байна. Энэ сард цаг уур байх төлөвтэй байна вэ?

-Есдүгээр сарын цаг агаарын төлөв байдлаар олон жилийн дунджаас 0,5 хэмээр дулаан байна. Хур тунадас наймдугаар сард орсон хэмжээнээс багасна. Есдүгээр сард нутгийн хойд хэсгээр 30-44 мм орчим, бусад нутгаар 17-30 мм бороо ордог. Энэ бороо энэ сарын эхний долоо хоногт орсон борооноор уг хэмжээнд хүрээд байна. Сарын дунд үеэр ихэнх нутгаар, 20-24 өдрүүдэд уулархаг зарим газраар нойтон цас орох төлөвтэй байна. Энэ сарын 10-13, 17-20, 25-27 өдрүүдээр цаг агаар харьцангуй тогтвортой дулаан байх учир цаг үеийн ажлыг эртхэн амжуулж, боломжит цаг хугацааг алдалгүй өвөлжилтийн бэлтгэлийг базаахыг чухлыг сануулав. Хөрсөн дээр цочир хүйтэрч хасах хэм рүү орох тохиолдол сарын дунд үеээс эхэлнэ. Ирэх аравдугаар сард агаарын дундаж хэм олон жилийн дунджаас орчим байна. Хур тунадас зүүн талын сумдаар ахиухан орно. Бусад нутгаар хэмийн хэмжээнд байна.
 
-ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРЧ, НОЙТОН ЦАС ОРНО-

-Өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн байгал цаг уурын хуурайшилтыг сайжруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Зургаан сар хамгийн хүнд байсан. Бид цаг тухай бүрт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан. Уг аймгийн УЦУОШГ-ын хоёр хөдөлгөөнт, Улаанбаатарын хоёр хөдөлгөөнт зэрэг нийт дөрвөн экспедиц Төв аймгийн нутагт ажиллав. Олон хоног халснаас бороо хоорондын зай холдсон. Үүлэнд нөлөөлөхийн тулд зарим тохиолдолд 2-5 хоног хүлээх шаардлага гарч байсан. Мөн Үдлэгт нэг, газар тариалангийн бүс нутагт нэг нийт хоёр газрын генератор нэмж байрлуулсан. Тавдугаар сард явсан үйл ажиллагааны үр дүнд Заамар, Цээл, Баянчандмань, Борнуур, Жаргалан, Баянхангай, Аргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт олон жилийн дунджаас хур тунадасны хэмжээ 2,3-19,2 мм –ээр нэмэгдсэн. Зуравдугаар сарын 20-ны үеэр зохион байгуулсан ажлын үр дүнд Аргалант, Баянхангай, Эрдэнэсант, Сүмбэр, Бүрэн, Баянчандмань сумын нутгаар орсон хур тунадасны хэмжээн 3,2-15,5 мм-ээр нэмэгдсэн. Бусад нутгаар хур тунадас нэмэгдэж чадаагүй. Долоон сард Аргалант, Баянцогт сумын нутгаар 5-15мм, нутгийн баруун өмнөд, зүүн хагаст 5,5-аас дээш мм-ийн хур тунадас унасан. Газар тариалангийн бүс нутагт нэмэгдсэн үр дүн гараагүй. Энэ жил цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 18 явуулсан. Нийт 74 удаагийн үйл ажиллагаагаар 109 ширхэг пуужин, 36 ширхэг түлш, зарцуулаад байна. Энэ жилийн үйл ажиллагааг тавдугаар сарын нэгнээс эхэлж явуулсан. Боломжид процесс буюу хур тунадас оруулж болохоор орж ирсэн үүл бүхэн дээр гарсан. Үүнээс гадна түймэр унтраахад дөрвөн удаа гарч 10 удаагийн үйл ажиллагаа явуулж, 13 ширхэг пуужин, 10 ширхэг түлшийг зарцуулсан. Дулааны улирлын урьдчилсан мэдээгээр зургаа, долоо, найм, есдүгээр сард олон жилийн дунджаас 1,5 хэмээр дулаан байлаа.

-Олон жилийн дунджаас харахад сүүлийн жилүүдэд байгал цаг уурын өөрчлөлт ажиглагдаж байна уу?

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулаарал эрчимтэй явагдаж байгаагаас хур тунадас багасч, халалт нэмэгдэж буй ажиглагдаж байна. Халалтыг сааруулах, хур тунадас нэмэгдүүлэхээр өмнөх жилүүдээс илүү олон удаа гарч ажилласан. Үүнийг дагаад зардал их гарсан. Энэ жил аймгаас 40 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Үүний 25 сая төгрөгийг газрын генератор авахад зарцуулсан бол үлдсэн 15 сая төгрөгийг бусад үйл ажиллагаанд зарцуулсан. Халуун хуурайгаас болж орж ирж байгаа үүлний масс услаггүй, услагтай байлаа ч гэсэн хуурайшилт ихтэй байгаагаас ууршилт түргэн явагдаж байсан. Мөн нөөлөг салхи их агуулж байсан. Үйлчлэх боломж олдохгүй. Ууршилт их байснаас орж ирсэн үүл талбай тэлж, зарим газраар уул дагаж зурваслаж орох тохиолдлууд их ажиглагдсан. Эдгээрийн үүр дүнд үүл ихээр сарьнаж үүлэнд үйлчлэх боломж муу байв. Энэ жил тав, зургаа, долдугаар саруудад аймгийн нийт нутгийн хамарсан боломжит хур тунадас гуравхан удаа орсон. Наймдугаар сарын эхнээс байгалийн жамаар борооны улирал эхэлж буй учраас ахиухан хур тунадас орлоо.
Т.Есүйхэйтөмөр
相关新闻