Халх гол орчмоос олдсон Зөвлөлтийн 48 дайчны шарилыг шилжүүлэн нутаглуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-11 12:07:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг  илрүүлэх, шилжүүлэн нутаглуулж, хөшөө босгон мөнжхүүлэх зорилго бүхий ОХУ-ын Буриад Улсын “Шилүүс” эрлийн баг Монгол Улсад 12 дахь жилдээ ажиллав.

Өнгөрсөн хугацаанд тус баг Халх гол орчмоос Зөвлөлтийн 48 цэргийн шарил олж, шилжүүлэн нутаглуулсан байна.Сүүлийн жилүүдэд ОХУ болон Монголын залуус түүхээ сонирхон судлах нь нэмэгдсэнтэй холбогдуулан түүхийн хөшөө, дурсгалыг засварлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь туйлын чухал юм. Тиймээс тус баг энэ онд Буриад улсаас барилгын материал татаж, Халх гол орчимд байдаг Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэжээ. Мөн үеэр зөвлөлтийн нэг цэргийн шарил олж, шилжүүлэн нутаглуулсан хэмээн тус багийн дарга, дэд хурандаа Владимор Ефримов мэдээллээ.

Тэрбээр, “Халх голын дайны үеэр Монгол Улсаас Маршал Георгий Константинович Жуковт өгсөн шагнал болон бусад бичиг баримтуудыг Дорнод аймгийн Сүмбэр сумын музейд хүлээлгэн өглөө. Халх голын байлдааны үеэр тухайн бүс нутагт Зөвлөлт, Монголын 57 мянган хүний бүрэлдэхүүнтэй арми байрлаж байснаас 12 мянга нь одоогийн ОХУ-ын Буриад улсын цэргүүд байв. Халх голд 2024 дайчин сураггүй алга болсон гэсэн мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн. Бид Халх голоос гадна Москва хотын ойролцоох тулаан болсон газруудад хайгуул хийж, 257 дайчны шарилыг илрүүлж, шилжүүлэн нутаглуулсан. Энэ бүхэн нь залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻