Залуу яруу найрагч Х.Нурлан 5 дахь номоо гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Залуу жүжигчин, яруу найрагч Хасиханы Нурланы "Дурласан зүрх" ном хэвлэгдэн гарлаа.
Энэ нь яруу найрагчийн гаргасан 5 дахь ном аж. "Орчлон хорвоо", "Хөгжмийн ид шид" гэсэн 2 бүлгээс бүрдэх уг номонд түүний 2015 оноос хойш бичсэн шүлгүүд болон оркестроор тоглосон хөгжмийн аянууд багтсан байна. Номын нээлт өнгөрсөн баасан гарагт Б.Ахтаны нэрэмжит аймгийн Нийтийн номын санд болж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, номын сан, театр, Алтай сумын Нутгийн зөвлөлийн удирдлагууд, яруу найрагчид болон уран зохиол сонирхогчид оролцлоо.
Х.Нурлан дунд сургуульд байхаасаа шүлэг бичиж эхэлжээ. 2013 онд БН Казахстан улсын Н.Назарбаевын нэрэмжит Эрдэм шинжилгээ, гэгээрлийн төвд зохион байгуулагдсан Олон Улсын яруу найрагийн уралдаанд шагналт байранд шалгарчээ. Мөн аймагтаа зохион байгуулагдсан яруу найраг, харилцаа дууны тэмцээнүүдэд эхний байруудад орж байжээ.
Казахын ард түмний соёл, урлагийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх, залуучуудыг уг үйлсэд уриалан дуудахыг эрхэм зорилгоо болгосон залуу яруу найрагч эдүгээ аймгийн Хөгжимт Драмын Театрт жүжигчнээр ажилладаг аж.
Ө.Нурболат