Мьянмараас дүрвэсэн рохинжачуудын тоо 270 мянгаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-09 08:00:58
НЕЙПЬИДО. /ВВС/. Хоёр долоо хоногийн өмнө Мьянмарт зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш тус улсаас Бангладеш руу дүрвэсэн үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачудын тоо 270 мянгаас даваад байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдэхдээ “Пүрэв гарагийн байдлаар 164 мянган  хүн Бангладешт дүрвэж очоод байсан. Харин ердөө нэг хоногийн дотор 270 мянга болж эрс нэмэгдсэн” гэв.

Мьянмар дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх шуурхай арга хэмжээ авахыг тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Дүрвэгсдийн ярьж буйгаар, Мьянмарын армийнхан тэдний тосгодыг шатааж, өөрсөд рүү нь халджээ.

Мьянмарын хойд нутгийн Ракхайн мужид рохинжа босогчид цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү халдсанаар буюу өнгөрсөн сарын 25-наас талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн юм.

Армийнхан болон буддын шашинтнууд биднийг нухчин дарах харгис ажиллагаа явуулж байна гэж рохинжачууд ярьжээ.



Харин Мьянмарын Засгийн газар үүнийг эрс няцаан “Армийнхан рохинжа босогчдыг дарахаар тэмцэж байна” гэв.

“Бангладешт байсан түр хоргодох байрнууд хэдийн дүүрсэн байна. Дүрвэгчид одоо гудамжинд хонож, өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдэгдлээ.
 
Рохинжачуудыг хамгаалах арга хэмжээ авахгүй байна гэж мьянмарчууд төдийгүй дэлхий нийт Мьянмарын удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи-г шүүмжилж байна.

Шударга ёс, хүний эрх болон ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд дуу хоолойгоо хүргэхийг ардчиллын төлөө тэмцсэнийхээ төлөө олон жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн Ан Сан Су Чи-д Өмнөд Африкийн хамба ламтан, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэгчдийн нэг Десмонд Туту пүрэв гарагт уриалсан юм.
 
Ан Сан Су Чи-гийн Нобелийн шагналыг хурааж авахыг ч олон хүн уриалж байна. Гэхдээ Нобелийн хорооны дарга Бэрит Риссис-Андерсен “Тэгэх боломжгүй. Мьянмарчуудын эрх чөлөөний төлөө, цэрэг армийнхны дарангуйллын эсрэг тэмцсэн учир хатагтай Ан Сан Су Чи-д Нобелийн Энх тайвны шагнал олгосон” гэж мэдэгджээ.
 
Г.Доржханд
相关新闻