Баян-Өлгийн 11 сумын бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-08 10:19:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон судалгаа гаргажээ. Судалгааны дүнгээр тус аймгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Цэнгэл, Дэлүүн,Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус сумдын нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн  байна.

Дээрх судалгааг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн гаргасан аж. Ийнхүү нийт нутгийн 80 орчим хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байгаа тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

Дашрамд хэлэхэд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирэх өвөл аймгийн хэмжээнд 2,3 сая толгой мал, түүний дотор1654 өрхийн 549490 толгой мал отроор өвөлжих тооцоог гаргаад байгаа юм.
 

 Ө.Нурболат
相关新闻