Майдар эргэх хурал болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Данрагданжаалин хийд энэ сарын 9-ний билэгт сайн өдөр Майдар хурах гэж байна.
Энэ замбуутивд таван мянган жилийн настай мянган бурхан заларна гэж бурхны шашинд номлосон нь бий. Хамгийн түрүүнд Хорвинжиг, дараа нь Санжа Одсүрэн, гурав дахь нь одоо залраад буй Шагжамүни бурхан юм. Харин замбуутивд залрах дөрөв дэх бурхан бол Майдар аж. Майдар бурхан нь Бурхан багшийн ирээдүйн дүр бөгөөд Буддагийн үе дуусмагц энэ орчлонд заларна гэж үзэж, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл гэнэ.
Майдар бурхныг сайн цагт заларна хэмээн үздэг учир Майдар эргэх ёслолыг бурхны шашинтай орон, хийдүүд жил бүрийн намар цагаар үйлддэг уламжлалтай.
Есдүгээр сарын 9-ний өглөө 08 цагт Данрагданжаалин хийд хурал номын уншлагаа хийж, 10 цагаас Майдар эргэх ёслолыг үйлдэнэ.
Д.Дэлгэрмаа