Тариаланчид ургацын дээжээ танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-06 10:32:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдааг Алтанцөгц сумд амжилттай зохион байгууллаа.

Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр тариаланчид өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зөгийн бал зэргийг дэлгэж, борлуулалт хийжээ. 

Сумын иргэд энэ жил 655 тн төмс, 271 тн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж байна. Энэ нь аймгийн тариалсан нийт төмс, хүнсний ногооны 21 хувийг дангаараа эзлэх аж. Түүнчлэн тус сумд 4 га газарт чацаргана тариалжээ. Чацарганы гарц сайн байгаа бөгөөд 10 гаруй тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Энэ нь аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэнэ гэж сумын удирдлага үзэж байна.

Сумын ЗДТГ-аас өгсөн мэдээллээр ургац хураах ажил энэ сарын 20-ны хүртэл үргэлжлэх юм.  

Ө.Нурболат

相关新闻