Эрчим хүчний үр ашиг төслийн дэмжлэгээр Буялзуухай цэцэрлэг Герман технологиор шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-06 09:37:10
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын “Бялзуухай” нэртэй 11-р цэцэрлэг их засварт орж, барилгаа шинэчилж, хүүхдүүдээ ая тухтай орчинд сурч, амьдрах боломж бүрдсэний баярын нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга н.Лувсанлхам, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн мэргэжилтэн Б.Батзол, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “Тулгат багана” ХХК-ны захирал Ш.Батсуурь нар болон бусад албаны төлөөлөл, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцов. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Энэ онд төсвийн хөрөнгө оруулалттай хоёр цэцэрлэг, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг ашиглалтад орж 300 гаруй  хүүхэд СӨБ-д нэмж хамрагдсанаар 81 хувьтай байсан бол цэцэрлэгийн хамран сургалт 83 хувьд хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн онд 14, 15-р цэцэрлэг ашиглалтад орж 250 гаруй хүүхэд СӨБ-д хамрагдаж 50 гаруй хүүхэд багш ажилтан ажлын байраар  хангагдсан”-ыг  дурдлаа.
Тус цэцэрлэгийн хувьд зургаан бүлгийн 150-200-аад хүүхэд хамруулан ажиллах аж. Тус цэцэрлэгийг Германы хөгжлийн агентлагын Эрчим хүчний үр ашиг төслийн 260 сая төгрөг, Ховд аймгийн ОНХС-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж гүйцэтгэсэн байна. Ийнхүү 11-р цэцэрлэгийн дулааны асуудал бүрэн шийдэгдэж, техникийн бүх засвар үйлчилгээг шинэчлэн хийжээ. Тухайлбал, нэг давхрын бүх анги танхимын шал, гадна фассад, дээврийн дулаалгыг герман технологиор буюу стандарт хөөсөөр дулаалсан. Дотор цахилгаан, сантехникийн бүх шугамыг сольж, цонх хаалга бүгдийг шинээр хийж, цахилгаан, дулаан, цэвэр усны үйлдлийг байгуулж, тоолууржуулсан байна. Галын дохиолол, интернет сүлжээний холболтыг бүх анги танхимд суурилуулсан, бүх аваарын хаалгуудыг сэргээн шинээр хийж, хэрэглээний халуун устай болгосон зэрэг томоохон асуудлуудыг бүрэн шийдвэрлэжээ. Энэхүү цэцэрлэг нь анги танхим, зай талбай СӨБ-ийн барилгын стандартын дагуу барьж байгуулагдсан цэцэрлэгүүдийн нэг юм.  Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед боловсролын салбар тэр дундаа СӨБ-ын салбарт хийж байгаа энэхүү хөрөнгө оруулалт нь улс орны ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, боловсролд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг боллоо.
А.Бямбасүрэн

相关新闻