Пүрэв гарагийг “Нийтийн их цэвэрлэгээний өдөр” болгохоор захирамж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-06 09:14:09
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын хурлын танхимд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай, тарваган тахал өвчний талаархи цаг үеийн мэдээлэл, сургууль цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, нийтийн их цэвэрлэгээ болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ.

Энэ жил хур бороо багатай гандуу байсан тул өвөлжилтөд онцгойлон бэлтгэх шаардлагатай байгааг аймгийн ХХАА-н газраас зөвлөв. Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга М.Баатарзориг "Малчид ард иргэдийн хувьд өөрсдийн дотоод нөөц боломждоо тулгуурлан хадлан тэжээлээ бэлтгээд явж байгаа бөгөөд цаг хүндэрвэл аюулгүйн нөөцийг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай" гэлээ. Мөн 10 дугаар сарын 1 хүртэл сумдад хоёр удаа ажиллах ба өвөлжилтийн бэлтгэл хангалт, Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлт, хадлан тэжээл хужир шүү бэлтгэлийн явц, ургац хураалтанд ажиллаж байгаа хүн хүч машин техник, зоорь, мал мах бэлтгэл, отор нүүдэл албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар газар дээр  нь үзэж танилцах, мэдээлэл авах, цаашид авах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Харин тарваган тахал өвчний хувьд өвчтний биеийн байдал сайжирч эдгэрсэн бөгөөд одоо бататгах шинжилгээнүүд өгөөд удахгүй халдвартын эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг цуцална гэдгийг БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал мэдээлэлдээ онцоллоо. Сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл  бүрэн хангагдаж хичээлүүд хэвийн явагдаж, энэ жил СӨБ-ийн хоёр цэцэрлэг ашиглалтад орж, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг нэмж байгуулагдсанаар хамран сургалт 81-83 хувьд хүрсэнийг салбарынхан мэдээлэв. 

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ховд хотыг ногоон хөгжлийн загвар аймаг болгох үүднээс аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байгааг шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежментийг зөв зохистой хэрэгжүүлэхэд түлхэц болох үүднээс долоо хоног бүрийн Пүрэв гарагийг “Нийтийн их цэвэрлэгээний өдөр” болгохоор захирамж гаргажээ. Нийтийн их цэвэрлэгээний хүрээнд цэвэрч нямбай байгууллага шалгаруулах болзолт уралдаан зарласан байна. Уг уралдаан нь нийт 5 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ долоо  хоногийн Пүрэв гарагт аймгийн бүх албан байгууллагын ажилтан, сургуулийн оюутан, сурагчид нийтээрээ Буянт голоо цэвэрлэж эхлэх юм. Тиймээс энэхүү арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байгаль орчноо хайрлан хамгаалах ажилд идэвх зүтгэл гарган оролцохыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог уриаллаа.

А.Бямбасүрэн
相关新闻