Орос, Монгол 2017 онд нүүрсний транзит тээврийн хэлэлцээр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-05 13:42:52
НАХОДКА./TASS/. Монгол, Орос 2017 онд Монголын нүүрсийг Оросын нутаг дэвсгэр дээгүүр Приморийн хязгаар нутгийн “Дорно” усан боомт руу транзитаар тээвэрлэх тухай хэлэлцээрийг байгуулж магадгүй. Хоёр тал дээрх баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаа тухай мэдэгдлийг Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын /ДЭЗЧУ/ үеэр хийх ажээ. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй Монголын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдээлжээ.

“ДЭЗЧУ дээр бид транзит тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байгаагаа зарлах боломжтой. Харин уг хэлэлцээрт энэ ондоо багтаан гарын үсэг зурж магадгүй” хэмээн сайд хэлжээ.
М.Соколовын хэлснээр, Монгол улс ачаа бараагаа усан боомт руу гаргах шинэ арга замыг хайж байгаа ба Оросын усан боомтууд нь төмөр замын тариф үнэ бага мөн хоёр орон газарзүйн хувьд ойрхон байдагтай холбоотойгоор өрсөлдөх чадвараар давуу байдаг байна. 

Мөн Оросын сайд, “Дорно” усан боомт нь усан боомтын дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн сайн бэлтгэгдсэн талбайн нэг бөгөөд Монголын нүүрсийг хүлээн авч Зүүн өмнөд ази, Ази-Номхон далайн орнууд руу тээвэрлэх бүрэн боломжтой гэжээ.

Үүнээс өмнө М.Соколов ТАСС агентлагт, Монгол Улс “Дорно” усан боомт руу сард 70 000 гаруй тонн нүүрс нийлүүлэхээр тооцоолж байгаа ч одоохондоо яг хэдий хирийн хэмжээний нүүрс нийлүүлэх нь Монголтой байгуулах нүүрс борлуулах гэрээнээс хамаарна гэж ярьж байжээ.

Мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Дорно” усан боомтод очин тус усан боомтын нүүрс хүлээн авах хүчин чадал, боломжтой биечлэн танилцжээ.

Приморийн хязгаар нутгийн Врангель тосгонд байрлах “Дорно усан боомт” Хувьцаат нийгэмлэг нь нүүрсний тээвэрлэлтээр дагнасан Оросдоо томоохонд ордог нийтийн усан боомт юм. Тус үйлдвэрийн газар Оросын олон үйлдвэрлэгчдийн нүүрсийг экспортонд гаргах дамжлага бааз болдог байна. Тус усан боомтын нүүрсний бараа эргэлт 2016 онд 23,5 сая тонн-д хүрсэн нь Оросын далайн боомтуудын нийт нүүрсний экспортын тавны нэг нь болж байгаа бол Алс Дорнодын сав газрын усан боомтуудын нүүрсний экспортын 30 орчим хувийг эзэлж байгаа юм.
О.Барс 
相关新闻