Манзушир хийдийн газар нутгийг аймгийнхаа мэдэлд авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-04 19:16:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Нар зөвийн нутаг” Төв аймгийн залуусын холбооноос 200 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийн газар нутгийг аймгийнхаа мэдэлд эргүүлж авахаар 1000  гаруй хүний гарын үсэг цуглуулаад байна.

Манзушир хийд нь анх 1998 онд Баянзүрх дүүргийн мэдэлд очжээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус хийд нь төдийлөн хөгжиж чадахгүй байгаад  нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 

“Нар зөвийн нутаг” Төв аймгийн Залуусын холбооноос санаачлан Манзуширийн хийдийг Төв аймгийнхаа газар нутагт авах зорилгоор иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. Иргэдийн зүгээс уг ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж буй бөгөөд одоогоор 1000 гаруй хүний гарын үсэг цуглараад байна.

Хийдийн газар нутгийг аймгийн мэдэлд эргүүлэн авснаар аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгон хөгжүүлэх боломж бий гэдгийг "Нар зөвийн нутаг" Төв аймгийн Залуусын холбооны  тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Уг ажлыг эхлүүлээд орхих биш олон хүний гарын үсгийг цуглуулж холбогдох хүмүүст нь уламжилж, шат дараатайгаар асуудлыг шийдвэрлүүлнэ” гэлээ.

Дашрамд дурдахад, 200 гаруй жилийн түүхтэй Манзушир хийд 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж нураагдахаас өмнө 21 барилга байгууламжтай байжээ. Уг түүхийн дурсгалт газрыг 1998 онд улсын хамгаалалтад авсөн бөгөөд өдгөө тухайн газарт хийдийн туурь, уулын энгэрийн хаданд сийлбэрлэсэн том бурхдын зурагнууд болон түүх, соёлын ховор нандин бүтээлүүд хадгалагдаж байна. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻