Баян-Өлгийд тариалсан рапсыг БНХАУ руу экспортлох боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ жил тус аймгийн Сагсай сумын Улаан дээлийн услалтын системд 240 га газарт Монгол Улсын "Азат", Хятадын "Иш Минг" компаниуд хамтран рапс ургамал тариалсан бөгөөд туршилт амжилттай болжээ.
Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан байна. Сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд орон нутгийн 50 орчим хүн ажлын байртай болжээ. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд комбайн болон шаардагдах бусад техник хэрэгслүүдийг оруулж ирэн ургац хураалтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Сагсай сумын Засаг дарга С.Хонаев: "Тус талбайгаас энэ жил 150 тн ургац хураан авах төлөвлөгөөтэй байна. Рапсыг Хятадад экспортод гаргаж 1 кг-ыг нь 4 юаниар борлуулах боломжтой. Гэвч энэ жил анхны тариалалт хийгдэж, ургацын хэмжээ бага байгаа учраас Улаанбаатар хотод боловсруулах юм. Цаашид тариалалт хийх талбайгаа 2500 га-д хүргэн өргөжүүлж царгас, малын тэжээл, төмс, хүнсний ногоо нэмж тариалах боломжтой" гэв.
Түүнчлэн компаниудын үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаар ажилласнаар ус, хайрга, газар ашигласны төлбөр, татвар гэх мэтээр орон нутгийн төсөвт жилд 2-3 сая төгрөг оруулах боломжтой хэмээн сумын удирдлага үзэж байна.
Ө.Нурболат