Ослоос сэргийлэхийн тулд цахилгаан шатны даацыг нарийн тодорхойлох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-04 16:34:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр ашиглалтад орж буй барилгууын зориулалтад тулгуурлан цахилгаан шатны даацаа нарийн тодорхойлсноор осол, аваараас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг өнөөдөр “Монголиа Волкслифт” компаниас мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан орон сууц болон бусад барилгуудын цахилгаан шат унаж, улмаар хүн гэмтэх тохиолдол нэмэгдсэн. Энэ нь тухайн барилгыг барьсан компани зураг төслөө боловсруулахдаа ямар төрлийн цахилгаан шат суурилуулах вэ гэдгээ нарийн тодорхойлоогүйгээс болдог байна. Өөрөөр хэлбэл, хүн тээвэрлэх зориулалт бүхий даац багатай цахилгаан шатаар хүнд ачаа тээвэрлэснээр осол гарах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс нэн тэргүүнд тухайн барилгад суурилуулах цахилгаан шатны хэмжээ, даац зэргийг зураг төсөлдөө нарийн тусгасан байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

“Монголиа Волкслифт” компани нь цахилгаан шат үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын “Волкслифт” компанийн бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлж эхэлсэн байна. ХБНГУ-ын “Волкслифт” нь 82 жилийн түүхтэй бөгөөд ОХУ, Казахстан, БНХАУ зэрэг 15 оронд үйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм. Тус компанийн бүтээгдэхүүн хурд сааруулагч, тросс баригч гэх мэт бүх төрлийн аюулгүйн системээр тоноглогдсон бөгөөд эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулдаг байна. Харин үнийн хувьд бусад аж ахуйн нэгжээс 15-20 хувиар хямд байх юм. Түүнчлэн тус компани нь ХБНГУ-д хуучны барилгуудын цахилгаан шатыг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай юм. Тиймээс Улаанбаатар хотын хуучны угсармал барилгуудын цахилгаан шатыг шинэчлэх чиглэлд НЗДТГ-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг “Монголиа Волкслифт” компанийн инженер Э.Уранболд хэллээ.

Ч.Ариунболд
相关新闻