Ахмадын эмнэлэгт 30 жилийн дараа их засвар хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх, сувилах үйлчилгээ үзүүлдэг "Сансар" эмнэлгийн барилгад 30 жилийн дараа их засвар хийгдлээ.
1987 онд Барилга трестийн ажилчдын амралт, сувиллын газар нэрээр байгуулагдсан тус эмнэлэгт их засвар хийхэд зориулан 2016 онд аймгийн ИТХ-ын чуулганаар 43 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсврээс шийдвэрлэсэн аж. Засварын ажлыг "Ёлт констракшн" компани графикт хугацаанд багтаан гүйцэтгэжээ.
Эмнэлгийн ерөнхий эмч Дамерийн Сараагийн тайлбарласнаар тус байгууллагад улс болон орон нутгаас төсөв хуваарилдаггүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг түшиглэн 5 эмч, 10 сувилагч, нийтдээ 39 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хэвтэн эмчлүүлэгчдэд сэтгэлд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд дараагийн ээлжид эмнэлгийн болон шинжилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэрээр онцолж байна.