Флоридад хар арьстныг хөнөөсөн хэргээр анх удаагаа цагаан арьстныг цаазлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-25 13:53:33
ВАШИНГТОН. /АР/. Одоогоос 30 жилийн өмнө АНУ-ын Флорида муж улсад хар арьстнуудын амийг хөнөөсөн хэргээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлт цагаан арьстныг үхлийн тариагаар цаазаар авчээ. Цаазын ялыг орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22:22 цагт гүйцэтгэжээ.
 
Гэмт хэрэгтэн Марк Асей нь тус муж улсын түүхэнд хар арьстныг хөнөөсөн хэргээр цаазлуулсан анхны цагаан арьстан боллоо гэж АНУ-ын Цаазын ялыг мэдээлэх төв мэдэгдэв.

53 настай М.Асей гэгч нь Флорида муж улсын Жексонвилл хотод 1987 онд хар арьст Роберт Ли Букер, латин америк Роберт Макдауэлл нарыг буудан хөнөөжээ. Тэднийг хөнөөснийхөө дараа тэрбээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдэгдэл хийж байсан аж.
 
1976 онд цаазын ялыг сэргээснээсээ хойш өчигдрийг хүртэл Флорида муж улс хар арьстнуудыг хөнөөсөн хэргээр нэг ч цагаан арьстныг цаазаар аваагүй байсан аж. Тэгвэл тэр үеэс хойш цагаан арьстнуудыг хөнөөсөн хэргээр хар арьст 20 залууг цаазлаад байна.
 
ГДоржханд
相关新闻