Эрдэмтэд байрлал тогтоогчтой ботинк бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-24 11:36:52
МОСКВА./TASS/. Сибирийн холбооны их сургуулийн эрдэмтэд Томскийн политехникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хотын шигүү барилга дунд, ой модонд, тэр битгий хэл газар дор байрлалаа тогтоож чадах явган хүний байрлал тогтоох системийг зохион бүтээсэн тухай Сибирийн холбооны их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм мэдрэгчийг гутланд суулгах боломжтой аж.

“Уг төхөөрөмжид антенн хэрэггүй, тэгэхлээр энэ төхөөрөмж ГЛОНАСС эсвэл GPS төрлийн хиймэл дагуулын системийг ашиглах боломжгүй тийм газарт байрлалыг тогтоох чадвартай” гэж дээрх хэвлэлийн мэдээнд дурджээ.

Эрдэмтдийн бүтээсэн систем нь инерцийнх тул гадаад баримжаа эсвэл дохионоос хамаардаггүй байна. Системийн мэдрэгчүүд нь туулсан замыг явган зорчигчийн хөдлөж буй хурдатгалыг хэмжих замаар тодорхойлдог аж. Маршрутын эхлэл цэгийг мэдсэнээр тус систем мэдрэгчүүдээс ирж буй мэдээллийг үндэслэн хэрэглэгчийн туулсан зам, байгаа байрлалыг тогтоох юм хэмээн шинэ бүтээлийн зохиогч техникийн ухааны дэд профессор, Сибирийн холбооны их сургуулийн инженерийн физик, радиоэлектроникийн хүрээлэнгийн хэмжих багаж үйлдвэрлэл, наноэлектроникийн танхимын доцент Павел Маринушкин ярьжээ.

Энэхүү систем нь их авсаархан, мэдрэгч суулгасан хэмжилтийн блокыг гар, хөл, цээж, нуруу, бүс эсвэл толгойдоо хүртэл зүүх боломжтой гэнэ. Эрдэмтэд уг төхөөрөмжийг гутлынхаа уланд хийх нь хамгаас дээр гэж үзэж байгаа ажээ.

Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар уг төхөөрөмжийг цэргийн болон иргэний хэрэглэгчдийн байрлал тогтоох аппаратурт, аврах болон галын албад, геологчид, тусгай албаныхан, хамгаалалтын ажилтнууд, тээвэр, орон сууцны аж ахуйн ажилтнууд, засварын албад ашиглах боломжтой аж. Мөн хараа муутай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
О.Барс 
相关新闻