Ариун хаж мөргөлд Баян-Өлгий аймгаас 40 хүн оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-20 21:48:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 30–наас ирэх сарын 13-ны хооронд Саудын Арабын Мекке хотод болох ислам шашинтнуудын ариун хаж мөргөлд Монголоос 50 хүн оролцоно гэж Монголын Мусульман Шашны Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Хадысын Батырбек мэдээллээ.

Тэдний 40 нь Баян-Өлгий аймгаас, 10 нь Улаанбаатар хот болон бусад аймгуудын иргэд бөгөөд мөргөлчдийн замын зардлын талыг нь Арабын орнуудын хандивлагч байгууллагууд, хувь хүмүүс, үлдсэн хэсгийг оролцогч иргэд өөрсдөө дааж байгаа ажээ.

Ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх эрхийг олгосноос хойш Монгол Улсын иргэд  хаж мөргөлд 20 дахь удаагаа оролцож байгаа нь энэ бөгөөд өнөөдөр эх орноосоо мордлоо.

Хаж мөргөл нь Ислам шашны үндсэн таван зарчмын тав дахь нь бөгөөд мусульманчууд жил бүр Аллах Эзний үүрэг даалгавар болох ариун хаж мөргөлийг үйлдэхээр дэлхийн өнцөг булан бүрээс яс үндэс, өнгө зүс, хэл яриа үл ялгаварлан Мекке хотод хуран цугларч, залбирал үйлддэг уламжлалтай юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн хаж мөргөлд дэлхийн улс орнуудаас 2 сая орчим хүн оролцоно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа ажээ.

Ө.Нурболат

相关新闻