Сумдад тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд 500 сая төгрөг шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 186 тоот тогтоолын дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум тус бүр 50 тонн өвс, 20 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр заасан бөгөөд уг нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр тус аймагт байхгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн 13 сум, 1 тосгон нийт дүнгээр 1102 тонн тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ёстой ба үүнд 500 сая төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Сумууд Сум хөгжүүлэх сан, Орон Нутгийн Хөгжлийн Сангаас 2,5-10,0 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн ч энэ нь Засгийн газрын тогтоолд заасан хэмжээгээр өвс, тэжээл бэлтгэхэд хүрэлцэхгүй ажээ.
Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр аймгийн Засаг дарга А.Гылымхан дээрх хөрөнгийг шийдвэрлэж өгөх асуудлыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд тавиад байгаа бөгөөд салбарын яамнаас одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.
Ө.Нурболат