Өлгий сумын 2 дугаар сургууль 90 жилийн ойгоо 90 бүтээлч ажлаар угтана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-18 16:36:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит “Алтан гадас” одонт Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль байгуулагдсаны түүхт 90 жилийн их ойг ирэх сарын 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж тус сургуулийн захирал Магсарын Адилбиш мэдээллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Бид ойн баяраа оюуны чиглэлээр зохион байгуулна. Бөхийн барилдаан, морины уралдаан гэж байхгүй. "Шинэ зууны сургууль хүүхдийн хөгжлийн түлхүүр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийхээр төлөвлөж байна. Уг хуралд эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож илтгэл тавина. Түүнчлэн манай сургуулийг төгссөн зохиолч, яруу найрагчдын уулзалт болно. Одоогоор уг уулзалтад Ардын уран зохиолч Б.Бааст, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан, Ш.Ёолк зэрэг хүмүүс оролцохоо илэрхийлээд байна. Казахстанаас бас хүмүүс ирнэ. Мөн баярын арга хэмжээний үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 3,7 тэрбум төгрөгөөр шинээр баригдсан 640 хүүхдийн хичээлийн байрны нээлт болно" гэв.

Сургуулийн 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 34 тоот тогтоол гарсан ажээ. Ойн баярыг угтаж сургуулийн хамт олны зүгээс "90 бүтээлч ажил" аяныг өрнүүлээд байгаа ба аяны хүрээнд ахмад багш нарын нэрэмжит 15 кабинетыг шинээр тохижуулж, сургуулийн эргэн тойрны өнгө үзэмжийг засаж сайжруулжээ.

Олон нийтэд монгол сургууль нэрээр танигдсан Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн суурь анх 1927 онд  тавигдсан  бөгөөд өнөөдөр 115 багш ажилтан, 1600 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 


Ө.Нурболат

相关新闻