Цагааннуурчууд тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгохыг хүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-15 12:14:09
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагааннуур тосгоны иргэд энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох шаардлагатайг онцоллоо.

Тус тосгоны иргэд энэ саналаа өчигдөр Улаанхус сумд болсон Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.

Цагааннуур тосгон нь Монгол Улсын баруун аймгуудыг өргөн хэрэглээний бараа, материал, түүхий эд, шатах тослох материалаар хангах үүрэг бүхий Дамжлага бааз, Нефть Хангамжийн газарт түшиглэн байгуулагдсан, улсын баруун хязгаарын хилийн нэгэн боомтын түшиц газар бөгөөд иргэд нь тосгоны захирагчаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу сонгодог байна. Гэвч УИХ-ын 1994 оны 36 тоот тогтоолоор Ногооннуур сумын харьяа багийн статусаар үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тосгоны эрх зүйн байдлыг тодорхой, бие даасан болгох, улмаар Цагааннуур сум болгон шинээр байгуулах саналыг хэлэлцүүлэг зохион байгуулагчдад уламжиллаа. 

Ө.Нурболат
相关新闻