Архангай аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-15 11:01:16
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төвд энэ сарын 14-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгууллаа.
 
Эрдэнэбулган суманд болсон хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцон “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэх заалт тусгагдсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэн ажиллаж буйг тэрбээр тэмдэглэн хэллээ. Төслийг дөрвөн үе шат дамжин боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг товч танилцуулсан юм.
 
Түүнчлэн есдүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар явагдах энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахыг дэмжиж буй эсэхийг, иргэдийн олонх нь төсөлд тусгагдсанаас бусад ямар зүйл, заалтыг өөрчлөх, ямар зохицуулалтыг нэмж тусгах саналтай байгааг тандах зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлж байлаа.
 
Хэлэлцүүлгээр УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, онол судалгаа болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Хэлэлцүүлэгт Ихтамир, Цэнхэр, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, багийн ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, иргэд оролцжээ.
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг Архангай аймагт наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Эрдэнэбулган, Батцэнгэл, Өндөр-Улаан сумдад бүсчилсэн хэлбэрээр явагдана. Бүсчилсэн хэлэлцүүлгийн дараа аймгийн 19 сум, 101 баг тус бүрт төслийн хэлэлцүүлэг явагдах юм.
 
Б.Гэрэлт-Од
 

相关新闻