Анх удаа ойн цэвэрлэгээ хийж, мод бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт БОАЖ-ын сайдын тушаалаар анх удаа шинэсэн ойд цэвэрлэгээ хийхээр болж бэлтгэл зохион байгуулалтын ажил хийж байна.
Найм, есдүгээр сард багтаан ойн цэвэрлэгээг хийж Халиун сумын ойн 40 га-гаас 400 м3, Есөнбулаг сумын 30 га-гаас 295 м3, Жаргалан сумын 30 га-гаас 300 м3 мод бэлтгэх ажээ. Хамгаалалтын ойгоос 120-иос дээш настай, унасан, үмхэрсэн модыг бэлтгэж түлшинд зориулах юм байна.
Энэ ажлыг сум дундын ойн анги, дээрх сумдын Засаг даргын тамгын газруудтай хамтран нарийн хяналтын дор хийлгэх бөгөөд ойн нөхөрлөлүүд, иргэд гүйцэтгэх ажээ. Ойн ургалт сайжрах, хортон шавж үүрлэхгүй байх боломж бүрдэх юм байна.
Ш.Цоодол