“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн шинэ хуулийг сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗамын хөдөлгөөний шинэ хуулийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд 10 дугаар сарын 24-ны өдөр болж өнгөрсөн “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг Хүмүүн цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагчид хошуучилжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын замын хөдөлгөөний мэдлэгийг нэмэгдүүлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор долоо дахь жилдээ болсон уг тэмцээн Лүн, Баянчандмань, Зуунмод сумын таван сургуулийн 60 гаруй хүүхдийг хамруулахад удаах байрт Баянчандмань, Монгени-5-р сургуулийн сурагчид шалгарчээ. Аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, Эрүүл мэнд,ХГБХХ,сумын ГХУСАЗЗ, Улаан загалмайн хороо хамтран зохиож, Хаан, Хас, Шуудангийн үйлчилгээ, Монголын цахилгаан холбоо, Мобиком компаниас ивээн тэтгэсэн тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, буухиа, хамтдаа, чөлөөт тогтлолт гэсэн шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулсан байна.
“Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээнийг жил бүр зохион байгуулснаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах давуу талтай.
Ш.Шүрэнцэцэг