Тариаланчдад зориулж "Тирлик" захад төмс, хүнсний ногоо борлуулах цэг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-08 18:30:10
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тариаланчдыг дэмжих зорилгоор "Тирлик" захад ногоо борлуулах цэг нээн ажиллуулахаар болсон талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тус газраас өгсөн мэдээгээр өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд 1053,3 га-д тариалалт хийсэн бөгөөд нийт талбайн 47,5 хувьд малын тэжээл, 29 хувьд төмс, 12,4 хувьд хүнсний ногоо, 4,3 хувьд үр тариа, 68 хувьд жимс, жимсгэнэ тус тус тариалжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан 6 га-гаас авах ургацыг алдсан ба урьдчилсан тооцоогоор 3024,3 тн төмс, 1284 тн хүнсний ногоо, 1008 тн малын тэжээл тус тус хураан авахаар төлөвлөжээ. Үүнээс Баяннуур сум хамгийн их буюу 1300 тн төмс, 620 тн хүнсний ногоо, Алтанцөгц сум 655 тн төмс, 271 тн хүнсний ногоо, Ногооннуур сум 345 тн төмс, 123 тн хүнсний ногоо хураахаар төлөвлөж байна. Энэ нь аймгийн төмсний хэрэгцээний 62,2 хувь, хүнсний ногооны 18,4 хувь, жимсний 1,2 хувийг дотоодын үйлдвэрээр хангах боломжийг олгож байгаа ажээ.

Гэвч тариаланчдад хураан авсан ногоогоо зах зээлд ойрхон хадгалах зоорь, борлуулах цэг байхгүйн улмаас хөрш Ховд аймгаас оруулж ирдэг төмс, хүнсний ногоотой өрсөлдөж чадалгүй чанар алдан үнэ нь буурах, улмаар тариаланчдын ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх явдал гардаг байна.

Тийм учраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас холбогдох байгууллагуудтай хамтран тариалангийн бүс нутгуудаас ирэх тариаланчдад зориулж удахгүй "Тирлик" захад ногоо борлуулах цэг нээн ажиллуулахаар болжээ. Тус цэгийг нээснээр тариаланчид зах зээлд ойртож, иргэд ченжүүдийн гараар дамжаагүй төмс, хүнсний ногоог хямд үнээр худалдан авах боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна.  

Ө.Нурболат
相关新闻