Туульсын баатруудад зориулсан "Хан Алтайн дуулал" хөшөө цогцолбор сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-07 09:37:16
Ховд /МОНЦАМЭ/. Монгол ардын баатарлаг туульс нь хэдэн зуун шад шүлгээс бүтдэг, үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн ур чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан цогц туурвил билээ. Тууль нь 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Энэхүү түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан бүтээн босгож буй “Хан Алтайн дуулал” цогцолборын нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 5-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯ-ны ТЗУГ-ийн дарга Б.Үнэнбат, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ, “Белон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарын төлөөлөл оролцлоо.

Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС” ХХК, барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол интернейшнл” ХХК, Авто зам зогсоолын ажлыг “АЗЗА” ТӨХК, Гадаад тохижилтыг “Буянт стандарт” ХХК, дотор засал чимэглэлийг “ARCHJS” ХХК гүйцэтгэжээ.

“Хан Алтайн дуулал” цогцолбор хэмээх түүхэн бүтээн байгуулалт нь олон ястны өлгий Ховд нутгийнхны сум, сумдын төлөөлөл 40 гаруй хүний сэтгэлийн хандив, тэрбум орчим төгрөгийн өртөгтэйгөөр цогцолсон байна.

Цогцолборын найман метр гаруй өндөртэй сүрлэг хөшөөг бүтээн босгосон Монгол Улсын Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг хэлэхдээ "Дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьсон” гэж тайлбарлалаа. Тэрбээр Ховд аймагт Ойрадын их хаан Галданбошигтын хөшөөний бүтээн байгуулалтыг мөн хийсэн юм.
А.Бямбасүрэн
 



 
相关新闻