Монголд анх удаа 20 орны тогооч ур чадвараараа өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-03 13:30:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа "Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээн ирэх сарын 04-08-нд болно.

Энэхүү олон улсын тэмцээнийг ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын мастер тогоочдын холбоо, Монголын кулинарийн холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
Төв азид анх удаа олон улсын тогооч нарын тэмцээн болох гэж буйгаараа онцлогтой уг тэмцээн нь олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
 
Одоогийн байдлаар тус тэмцээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ, БНСУ, Итали, Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцар, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг 20 орноос 100 гаруй тогооч оролцохоо илэрхийлээд байгаа аж.
 
Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, "Энэ тэмцээний өмнө Олон орны тогооч нартай эх орныхоо нэрийн өмнөөс оролцох тогооч шалгаруулах улсын аваргаа тодруулахаар зэхэж байна. Монгол хоолны соёлыг түгээж чадах чадварлаг тогооч бүрийн өмнө уг шалгаруулалт нээлттэй" хэмээн тодотгов.
 
"Chinggis Khaan's Challenge Cup 2017" олон улсын тогооч нарын тэмцээний үеэр “Улаанбаатар цом-2017” буюу Монгол Улсын “Аварга тогооч” шалгаруулах уралдаан, “Монголын кулинарийн фестиваль” буюу монгол үндэсний брэнд хоолны шалгаруулалт, хоолны үзэсгэлэн, "Бидний мэргэжил сайхан" хүндэтгэлийн жагсаал зэрэг томоохон арга хэмжээ болох юм.

Энэхүү арга хэмжээнд Олон улсын 20 шүүгч ажиллана. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, импортлогчид, ресторанууд, 21 аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл оролцох аж.
 
Ж.Болор
相关新闻