Судалгаа төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аяллыг цэгцлэх төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2017-08-03 12:38:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх явдал юм хэмээн “Хөдөө гэр” төслийг хэрэгжүүлэгчид онцоллоо.
НҮБ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Технож Бизнес инкубатор ТББ хамтран тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд, байгалиа хамгаалагч малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хөдөө гэр” төслийг  2019 оны зургаан сар хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж.
Технож Бизнес инкубатор ТББ-ын тэргүүн Г.Галаарийдий “Нэрд гарсан цөөн газарт аяллаар шавах, даац хэтрүүлэх байдал сүүлийн жилүүдэд ихээр гарах боллоо. Судалгаа төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аялал их байна. Гэтэл Монгол орон өргөн уудам түүнчлэн байгалийн үзэсгэлэнт, түүхийн ховор нандин дурсгал бүхий газрууд их байдаг. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд нь цөөн хэдэн үзэсгэлэнт газрууддаа байрлан гадны жуулчдад өндөр үнээр үйлчлэх сонирхолтой байдаг. Бидний хэрэгжүүлж буй энэхүү төсөл ашиг сонирхол дээр суурилсан аялал жуулчлалын тоог бууруулж эко аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ” хэмээв.
Уг төсөл эхний ээлжинд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгуудын ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч малчдын бүлгийг хамруулах ажээ.
Хариуцлагатай аяллыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлж өртөг багатайгаар аялангаа ойн нөхөрлөлүүдээ дэмжин, тэдэндээ хөрөнгө оруулан байгалиа хамгаалахад хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг “Хөдөө гэр” төслийн удирдагчид уриалж байна.
Л.Нандиа
  
相关新闻