Тариаланчид хүнсний ногоо борлуулах талбай гаргаж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-02 11:02:21
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Буянт, Ховд  сумын ногоочид жил бүр аймгийнхаа хөдөлмөрчид ард иргэдийг хүнсний ногоогоор хангаж, хүн амын хүнсний хангамжид зохих хувь нэмэр оруулдаг. Ховд хотын төв  хүнсний Хан орд захын гадна талд орон нутгийн хүнсний ногоо, тарвас, тинго зарах гэж ирсэн ногоочдын машин хөл тавих зайгүй байна.
Зах зээлд ногоогоо борлуулахаар ирсэн ногоочид хийсэн хөдөлмөрөө жаахан ч гэсэн үнэлүүлж, арга ядаж зарж, борлуулах зай талбайг гаргаж өгөөсэй гэдэг саналыг аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас хүсэж байна. Өнөөдрийн байдлаар Буянт сумын ногоо ачсан 50 гаруй машин захын гадна талд цагдаа нарт хөөгдөн туугдан зуны халуун, ялаатай тэмцэн байж тарьсан хэдэн тарвасаа 1кг-ыг нь дөнгөж 200-300 төгрөгөөр бөөндөж зарлаа хэмээн гомдоллож байна.
Ховд аймагт жил бүрийн намар төрөл бүрийн хүнсний ногоо,тарвас, жимс дэлгэрч, жилийн жилд Ховдчуудын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд газар тариалан эрхлэгчид үнэхээр их хөлс дуслуулдаг. Гэхдээ тэдгээр хөлс хүчээ    зориулан байж, зуны халуун, ялаатай тэмцэн байж хүнд нөхцөл ургуулж тордсон ногоог нь зарж борлуулах, зай талбайг нэмэгдүүлэх, зах зээлийг нь олж тус дэм үзүүлэх, ядахдаа ногоо зардаг ченжүүд газар дээрээс нь очиж авдаг, ногоо борлуулах талбайг нэмэгдүүлэх асуудалд аймаг орон нутгийн бодлого үгүйлэгдэж байна.
Зун, намрын 2-3 сар үргэжилдэг ногооны захаар хүн бүр орж үйлчлүүлэх дуртай байдаг. Ховдын намрын өнгийг тариаланчид л чимж, хүнсний  ногоогоор бялхуулж, зоогийн ширээг чимж байдаг. Ийм болохоор хэдхэн сарын турш үргэлжлэх ногоочдын тарьсан ногоогоо тав тухтай орчинд зарж борлуулахад нь Жаргалант сумын удирдлагууд тус дэм үзүүлэх хэрэгтэй гэж ногоочид ярьж байна.
 
А.Бямбасүрэн
相关新闻