Аймгийн ИТХ ойн түймэртэй тэмцэх аянд 2,5 сая төгрөг хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-24 11:34:06
Ховд/МОНЦАМЭ/ Улс орны хэмжээнд ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материал болон мөнгөн хандивыг Онцгой байдлын газарт хүргүүлж байгаа  билээ. Энэ цаг үед Ховд аймгийн ИТХ-ын хамт олон ойн түймрийг унтраахаар ажиллаж буй алба хаагчдад туслан Олон нийтийн хандивийн аянд нэгдсэн юм.
Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдэн, нийт 2,5 сая төгрөгийг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, ахмад С.Даваажаргалд гардуулан өглөө. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: "Гал түймрийн гамшгийг даван туулахад сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэг үзүүлэн, эх оронч санаачлага гарган ажиллахыг аймгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд уриалж байна." гэв.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, нийт 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
А.Бямбасүрэн
相关新闻