"Obamacare"-ийг цуцалснаар 32 сая хүн даатгалгүй болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /BBC/. Бүгд найрамдахчуудын зүгээс "Obamacare"-ийг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа нь 32 сая америкчуудыг эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болгоно гэж АНУ-ын Конгрессын төсвийн хороо /CBO/ үзэж байна.
Намуудад харьяалагддаггүй тус байгууллагын хийсэн судалгааг үзвэл, ирэх онд эрүүл мэндийн даатгалын төлбөр 28 хувиар өсөх бол 2026 он гэхэд 2 дахин өсөх аж. Үүний сацуу "Obamacare"-ийг цуцалснаар улсын төсвийн алдагдал 473 тэрбум ам.доллароор буурна гэж CBO тооцоолж байна.
Бүгд найрамдахчууд олонх болдог Сенатын танхим эрүүл мэндийн хуулийн төслийг батлах гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүйтсэн юм. Үүний дараа Сенатын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн 2010 оны эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг 2 жилээр хойшлуулах эсэх талаар ирэх долоо хоногт саналаа өгөх гэж байна.
Б.Обамагийн засаг захиргаанаас санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хууль цуцлагдсан тохиолдолд ирэх онд гэхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо 17 саяд хүрнэ гэж Конгрессын төсвийн хороо үзэж байна.
Б.Обамагийн санаачилсан хуулийг өөрчилж, түүний оронд бүгд найрамдахчуудын боловсруулсан хуулийн шинэ төслийг батлах хүртэл зуны ээлжит амралтаа хойшлуулцгаая гэж Ерөнхийлөгч Дональд Трамп намын нөхөддөө уриалжээ.
Х.Сарнай