“Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-18 13:41:25
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.
Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр  засгаас анхаарч байгаа ч аймгийн хэмжээнд эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар иргэдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байгаа гэж  ЭМГ-аас үзжээ.
Дорноговь аймгийн нийт хүн амын 27.1 хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд жилд дунджаар 1481 эх эсэн мэнд амаржиж,1491 хүүхэд эсэн мэнд бойжиж байна. Жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор  2007 оноос “Жирэмсний давхар хяналт”-ын тогтолцоог нэвтрүүлж, жирэмсэн, төрөх эхчүүдийн эрүүл мэндийн байдалд  давхар хяналт тавьж ажилласнаар жирэмсний эрт үеийн хяналтын хамралт  85.4хувь, жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээний түвшин 62.8 хувьд хүрч  сүүлийн гурван жил дараалан эхийн эндэгдэлгүй ажилласан сайн туршлага буй аж. Гэсэн ч жирэмсний хожуу үедээ хяналтанд орох тохиолдол дорвитой буурахгүй байгаа нь хотжилт, дэд бүтцийн хөгжил, уул уурхай, байнгын ажиллагаатай хилийн боомт, оюутан сурагчид, түр оршин суугч, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх хүүхдийн эрх зүйн орчин боловсронгуй болж, салбар хоорондын хамтын ажиллагаа түншлэл сайжирч, санхүүгийн нөөц нэмэгдэж эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндэд ээлтэй орчин бүрдэнэ гэж үзжээ. Хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлнэ.
Х.Эрдэнэбулган
相关新闻