Филдсийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй математикч нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-07-18 08:25:18
ЛОНДОН./BBC/. Түүхэнд анх удаагаа Филдсийн шагналыг хүртсэн эмэгтэй болох Ираны математикч Мариам Мирзахани 40 насандаа нас баржээ. М.Мирзахани хөхний хорт хавдартай болсныг 2013 онд оношилжээ. Уг өвчин хэдэн долоо хоногийн өмнө түүний чөмгөнд үсэрхийлсэн байна.

Филдсийн шагнал бол математикийн салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нобелийн шагналыг математикчдад олгодоггүй учраас Филдсийн шагналыг “математикчдад зориулсан Нобелийн шагнал” гэж нэрлэдэг байна. 

М.Мирзахани Чехийн эрдэмтэн Ян Вондрактай гэрлэсэн бөгөөд тэд нэг охинтой аж. 1977 онд Иранд төрсөн тэрбээр 1994 он болон 1995 онд Олон улсын математикийн олимпиадад түрүүлж байсан бөгөөд 1999 оноос АНУ-д амьдрах болжээ. Риманы гадаргуун динамик болон геометр, тэдгээрийн модулийн орон зайн тухай онолыг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ираны эрдэмтэн эмэгтэйд 2014 онд Филдсийн шагналыг олгосон байна.

Уг шагналыг 1936 оноос хойш 4 жилд нэг удаа, 40-өөс доош насны 2-3 болон 4 залуу математикчид олгодог аж.

2004 онд Мирзахани Харвардын их сургуульд математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 2008 оноос Стэнфордын их сургуульд багшилж байв.
О.Барс    
相关新闻