Төв аймагт техникийн болон автомат тооллогын дүн зөрөөгүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-08 17:26:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт өнгөрсөн шөнө сонгуулийн санал авах 84 хэсэгт техникийн тооллого буюу гар тооллого явагдаж, нэгдсэн дүн гарав. Автомат машины саналын дүн, гар тооллогын хоёр хоорондоо зөрөөгүйг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад бүртгэлтэй санал өгөх 61 мянга 217 сонгогчоос 36 мянга 442 буюу нийт сонгогчийн 59,52 хувь нь санал өгчээ. Үүнээс эрэгтэй 17 мянга 254 буюу 47,3 хувь, эмэгтэй 19 мянга 188 сонгогч буюу 52,7 хувь нь тус тус саналаа өгсөн байна.

Насны ангиллаар авч үзвэл 18-25 насны сонгогч 5298 буюу нийт сонгогчийн 14,5 хувь нь, 26-40 насны 11673 буюу 32 хувийг эзэлж байна. Харин 41-55 насных нь 11418 буюу нийт сонгогчийн 31,3 хувь нь байгаа бол 56-аас дээш насны 8053 буюу 22,1 хувийг эзэлж байгаа юм. 

Нэр дэвшигчдийн хувьд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нийт сонгогчийн 19192 буюу 53 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 14562 буюу нийт сонгогчийн 40 хувийн саналыг тус тус авсан гэсэн урьдчилсан дүн гарчээ.

Мөн саналын хуудсыг дугуйлаагүй хоёр мянга 460 ширхэг “цагаан хуудас” уншигдсан байна.

Т.Есүхэйтөмөр

 
相关新闻