Б.Галаарид:Төр засгийн бодлогодоо нөлөөлж чаддаг Солонгосын хүчирхэг сэтгүүл зүйгээс суралцах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-07 14:13:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй 15 сэтгүүлч харилцан туршлага солилцохоор Монгол Улсад ирээд байна.

Монгол-Солонгос сэтгүүлчдийн уулзалтыг өнөөдөр Корпорэйт зочид буудалд зохион байгуулав. Уулзалтын үеэр хоёр орны сэтгүүлчид харилцан чөлөөтэй санал бодлоо хуваалцсан юм.

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Куё Сон хэлэхдээ, “Монгол, Солонгос орны сэтгүүлчид харилцан холбоо тогтоогоод дөрвөн жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бие биенээ мэдэх, хоёр орны түүх соёл, ёс заншилтай танилцаж байсан бол энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө гаргана. Мөн Монголын хэвлэл мэдээллийнхнийг Солонгост сургалт, дамжаанд хамруулахаар ярилцаж байна. Монгол, Солонгос сэтгүүлчид хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хичээж ажиллахаас гадна ааш зан нь хүртэл төстэй санагддаг. Солонгосын "Cable" телевизээр Чингис хаан, Монголын дөрвөн улирлын тухай, Монгол үндэсний гэрийг хэрхэн барих талаар нэвтрүүлэг их гардаг. Бид хоёр өөр улсад амьдарч буй ч сэтгэлээрээ нэг юм” гэв.



Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас дараах зүйлийг тодруулав.

-Хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 онд анхны харилцан танилцах алхам хийж байсан бол 2014 оноос хамтын ажиллагаа тогтворжсон. Энэ хугацаанд долоо дахь удаагаа төлөөлөгч солилцоод байна. Солонгосын Сэтгүүлчдийн холбоо бол хоёр жил тутамд Ерөнхийлөгч нь солигддог, нэлээд хүчирхэг байгууллага. Солонгос улсын Үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашигтай холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага нь нэг дуугаар дуугарч чаддаг онцлогтой. Мөн үүний зэрэгцээ ардчиллын зарчмын асуудлыг хүчтэй шүүмжилдэг, төр засгийн бодлогодоо нөлөөлж чаддаг хүчирхэг сэтгүүл зүй. Үүнээс манай сэтгүүлчид бүтээлчээр суралцах ёстой. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн зүгээс бодитой хамтын харилцаа тогтоох, хоёр байгууллагын сэтгүүлчдийн байгууллагаас гадна редакцийн хооронд шууд харилцаа тогтоох гарц бий болгохоор ажил хэрэгч ярилцлага өрнүүлж байна.

-МСНЭ гадаадын хичнээн сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ажилладаг вэ?

-Гадаад харилцаагаа хөгжүүлэх боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл дэлхий нээлттэй  болсон учраас ямар ч улс оронтой хамтран ажиллах боломжтой. Гэвч үүний цаана нэг саад байгаа нь санхүүгийн бэрхшээл. Нэг улсаас 5-10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ирэхэд зардал их гарна. Түүнээс биш  олон улсын хурал зөвлөгөөнд МСНЭ сүүлийн жилүүдэд нэр хүнд нь нэмэгдсэн.Тухайлбал, Өнгөрсөн жил болсон Олон улсын сэтгүүлчдийн холбооны Их хурлаас МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг Ази Номхон далайн орнуудын жендерийн асуудал хариуцсан захирлаар сонгогдсон. Жендерийн асуудалд Монгол Улс олон улсын сэтгүүлчдийн холбоонд тэргүүлэх байр сууринд байна гэсэн үг. Өнөөдөр олон улсын байгууллагууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцахдаа МСНЭ-ээр дамжуулж харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлдэг. Энэ нь олон улсад нэр хүнд сайтай байгаагийн илрэл юм. Ялангуяа АСЕМ-ын үеэр Дэлхийн редакторуудын уулзалтыг МСНЭ зохион байгуулсан. Энэ уулзалтад дэлхийн 20 гаруй орны 30 гаруй редактор ирсэн нь гадаад орчинд сайн сурталчилгаа болсон. МСНЭ-тэй хамтран ажиллах саналыг шат дараатай өөрийн боломжид тулгуурлаж хөгжүүлэхгүй бол нэгэн зэрэг олон оронтой харилцах боломж муу байна. Өнгөрсөн жил ОХУ, Монгол сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн анхдугаар форум болсон. Киргиз, Казахстан зэрэг оронтой харилцаатай ч өргөн бүрэлдэхүүнтэй харилцах түвшинд хүрч чадаагүй байна.

-Энэхүү уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Хоёр талын хэвлэл мэдээллийн салбарынхны уулзалт нь хамгийн чухал арга хэмжээ. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран ажиллах ямар гарц байгааг нээж өгч байна. Мөн Солонгосын сэтгүүлчид Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар түвшинд ажиллаж байгаатай танилцан редакциудаар зочилно. Солонгосын сэтгүүлчид Ерөнхийлөгчийн сонгууль, Монголын наадам болж буй энэ үеэр ирж буй учир энэ тухай сурталчилна.



Солонгосын сэтгүүлчдийн холбооны бүрэлдэхүүнд 5 дэд ерөнхийлөгч, муж, аймгийн салбарын тэргүүн 11 хүн багтжээ.

Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцов.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻