Ч.Батням: Цагаан хуудсыг иргэнд өгөлгүй архивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-07 13:03:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалтын явц нийслэлийн 1937 дугаар санал авах хэсгийн байранд 11:40 минутын үед ямар байдалтай байгааг зохион байгуулагч Ч.Батнямаас тодрууллаа.
 
-Ирц танай хэсгийн байранд хэдэн хувьтай байна вэ?
 
-1937 хэсгийн санал авах байранд нийт 2576 сонгогч санал өгөх ёстой. Одоогийн байдлаар ирц 19 хувьтай байна.
 
-Өнгөрсөн сарын 26-ны өдрийнхтэй харьцуулахад ирц хэдэн хувьтай байна гэсэн үг вэ?
 
-Ирц удаашралтай байна. Иймд сонгогчид иргэний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
-Цагаан хуудсыг санал авах байранд үлдээж байгаа юм байна. Танай хэсгийн хороо мөн адил цагаан хуудсыг хурааж авч байна уу?
 
-Цагаан хуудсыг иргэнд өгч гаргалгүй, архивлах юм. Тэрхүү журмынх нь дагуу санал авах байранд цагаан хуудсыг авч үлдэж байна.
 
-Зөөврийн хайрцгаар хэдэн хүн санал өгөв?
 
-Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 21 иргэнээс ажиглагч нарын хамт очиж, саналыг нь авсан. Өнөө өглөө тэдгээр саналыг хар машинд уншуулсан. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байна.
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналаа өгөх боломжийг хэрхэн бүрдүүлэв?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, санал авах байрны орох үүдэнд 45 градусын налуу тавцан байрлуулсан. Мөн гарах хаалганд ийм модон тавцан хийж байрлууллаа. Өнгөрсөн сонгуулиар манай санал авах байранд тэргэнцэртэй гурван иргэн ирж саналаа өгчээ. Мөн томруулдаг шил, баррейль хавтасыг иргэн хүсвэл ашиглах боломжтой.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻