Ц.Элбэгдорж: Сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөж, дараагийн ажлаа хийцгээе

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-07-07 11:50:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 1851 дүгээр хэсгийн санал авах байранд гэргийн хамт хүрэлцэн ирж саналаа өглөө.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох хоёр дахь шатны санал хураалтад оролцож, саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр "Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч харин ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн нь ч ялалт байгуулсан ард түмэн бол Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. Тийм учраас саналаа өгөхөөр бодсон хүнийхээ төлөө ямар нэг нөлөөнд автахгүйгээр саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөж, ажлаа хийцгээе. Дараа дараагийн олон ажил байгаа учраас саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. Сайхан наадаарай" хэмээлээ.

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлаж буй тус хэсгийн хороонд 2518 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас "Түр хасав" тэмдэглэгээтэй 198 сонгогч байгаа аж. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн сонгогч эрхээ сэргээгээд байгаа бол зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 10 сонгогчийн саналыг өчигдөр авчээ. 

Хэсгийн хорооны ахлагч Ж.Базарсүрэнгийн өгч буй мэдээллээр зургадугаар сарын 26-нд болсон санал хураалттай харьцуулахад ирц бага зэрэг нэмэгдсэн аж. Тодруулбал өмнөх санал хураалтад 11.00 цагийн байдлаар 503 иргэн саналаа өгч, ирц 20.12 хувьд хүрсэн байсан бол өнөөдөр 21.17 хувьтай байна. Харин насны хувьд өмнөх сонгуулийн адил 26-гаас дээш насны сонгогчдын идэвх харьцангуй өндөр байгаа аж. Одоогийн байдлаар гарсан зөрчил дутагдалгүй байна гэж хэсгийн ахлагч нь хэлэв.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻