Сингапурын эрдэмтэд пробиотикийн найрлагатай шар айраг гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-30 16:03:40
СИНГАПУР./TASS/. Хүний дархлааны тогтолцоог зохицуулдаг, хор болон вирусыг устгадаг нянгийн гаралтай бодис болох пробиотикийг найрлагад нь нэмж оруулах замаар хүний эрүүл мэндэд ашиг тустай шар айргийг Сингапурын эрдэмтэд гарган авчээ. Энэ тухай пүрэв гарагт Сингапурын Үндэсний их сургуулийн /NUS/ төлөөлөгч Кэролина Фон мэдээллээ.

“Пробиотикууд нь хүний биед ашигтай гэдгийг хүмүүс  эртнээс мэдэх болсноос гадна исэлдэлтэд ордог олон тооны хүнсний бүтээгдэхүүнүүдэд “сайн нянгууд” агуулагддаг байна. Гэсэн хэдий ч эдгээр бодисуудыг шар айрагны найрлагад оруулж байгаагүй юм” хэмээн төслийг зохиогч, 4 дүгээр курсын оюутан Элсини Чань ярьж байна. Тэрбээр судалгааныхаа явцад хэд хэдэн асуудалтай тулгарсан ба тэдгээрээс хамгийн хэцүү нь шар айрганд пробиотикийн өсөлтийг зогсоодог зөрөг цэцгийн хүчил агуулагддаг явдал байсан аж.

Гэсэн хэдий ч есөн сар орчим үргэлжилсэн туршилтын дүнд пробиотикийн штаммын амьдрах чадварыг нэмэгдүүлж чаджээ. Үүний тулд усан үзмийн шүүсэнд агуулагддаг сахарыг хэрэглэдэг сүүний хүчлийн нянг ашигласан байна. Түүний ярьснаар “эцсийн бүтээгдэхүүн нь 3,5 хувийн согтууруулах бодисын агууламжтай, хурц гашуун амттай” болсон аж. Мөн “100 мл шинэ шар айрганд 1 тэрбум орчим пробиотик агуулагдаж байгаа ба пробиотик, пребиотикийн олон улсын эрдэм шинжилгээний холбоо чухам ийм тунг хэрэглэхийг зөвлөдөг” гэдгийг зохиогч дурдлаа.

Судлаачдын баг өвөрмөц найрлагатай шар айрганыхаа жоронд патент авах гэж байгаа тухай NUS-ийн төлөөлөгч мэдээлжээ.
О.Барс 

 

 




相关新闻