Залуу хөлбөмбөгчид шилдэг легионеруудын багийг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-28 12:13:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр үндэсний лигийн шилдэг легионеруудтай нөхөрсөг тоглолт хийж өрсөлдөгч багаа хожлоо.

Монгол төрийн алтан соёмбот далбааны өмнө, төрийн дууллаа эгшиглүүлэн тоглолтоо эхлүүлсэн залуучуудын шигшээ баг эхний хагаст, легионерууд хийсэн тоглолт аль аль нь гоол хийж чадалгүй тэнцсэн байна. Залуучуудын футзалын шигшээ багийн хамтаар Ази тивийн АШТ-д оролцсон А.Тэмүүжин хаалганы шон онож, үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн нь эхний үеийн хамгийн торгон агшин байв.



Харин хоёрдугаар үеийн 70 дахь минутад “Улаанбаатар сити” клубээс шигшээ багт ирсэн хоёр хагас хамгаалагчийн нэг Б.Цэрэнбаяр тооны харьцааг нээсэн бол энэ гоол орсноос хойш найман минутын дотор “Пушкаш академ”-ийн Г.Ганбаяр хоёр гоол оруулж, тоглолт 3:0-ээр өндөрлөв.

Майкл Вайссаар ахлуулсан залуучуудын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт сайн байгаагаа харуулж чадлаа. Удахгүй болох Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатнаас шалгарч гарахыг Монголын хөлбөмбөгчид болон энэ спортыг дэмжигчид хүсч, хүлээж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻