Cонгуультай холбоотой зургаан гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-27 16:46:04
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Өчигдөр буюу энэ сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан. Энэ өдөр аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Энэ өдөр сонгуультай холбоотой зургаан гомдол иржээ. Эдгээр гомдол, мэдээллийг тус Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг шалгаж байгаа юм байна.
Түүнээс гадна аймгийн Засаг дарга Д.Батлут захирамж гаргаж санал хураалтын өдөр аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Цагдаагийн газраас захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 450 орчим цэгт мэдэгдэл хүргүүлжээ. Гэсэн хэдий ч тодорхой зөрчлүүд гарсан гэнэ. Тухайлбал, найман нэрийн барааны хэд хэдэн дэлгүүр согтууруулах ундаа худалдсан зөрчил гарсан талаар Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Болдбаатар мэдээллээ.
Мөн сонгуулийн санал хураалтын өдөр Цагдаагийн газарт зөрчлийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл ирсэн буюу гэмт хэрэг гараагүй байна. Дээр дурдсан зөрчлийн 8 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, танхайрсан 9 үйлдэл байсан аж. Эдгээр иргэдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан гэнэ. 
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻