Гунигт хайрын түүхийг өгүүлэх “Жизель” маргааш УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-23 16:30:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид А.Адан “Жизель” бүжгэн жүжгийг энэ сарын 24-нд театрын тайзнаа толилуулна.

Хоёр бүлэгт эмгэнэлт бүжгэн жүжгийн Жизельд Г.Батчимэг, Альберт-А.Эрдэнэболд, Ганс-Э.Эрдэнэжаргал, Мирта-У.Анужин, па-де-де-Ч.Дүүрэнжаргал, Т.Хан-Очир, Батильда-Б.Энхтуул, Герцог-Х.Мөнгөнхөлөг, Ээж-Р.Байгалмаа, Зэвсэгч- Ц.Төмөрсүх нар дүр бүтээж,  УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, найрал дуучид, ХБК- ийн оюутан сурагчид оролцох юм.

Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны 6-р сарын 28-нд Парисын Гранд Опера театрт амилж байжээ. Түүнээс хойш хоёр зууны турш хэд дахин үзсэн ч ханамгүй гайхалтай бүтээл хэвээр байж, олны талархлыг хүртсээр байна.

Нөгөө ертөнцийн охин сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгосон, хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай хөгжимтэй хослуулан бүжиглэж, жүжиглэж болохыг анх харуулснаараа "Жизель" сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн хүндтэй бүтээл юм.

XIX зуунд барууны орнуудад урлагийн хямрал болж байхад Kросын тайзнаа "Жизель" улам бүр төгөлдөржин хөгжиж, өнөөдөр дэлхий дахинаа оросын сонгодог дэглэлтээр илүү мэдэх болжээ. Энэ хувилбараар 1979 оноос эхлэн УДБЭТ-ын тайзнаа тавигдаж байгаа билээ.

Ж.Болор
相关新闻