Улсын хэмжээнд 2 сая 23 мянга 18 сонгогч санал өгөхөөр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-23 12:05:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд санал өгөх эрх бүхий нийт 2.023.018 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн 1.978.294, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44274 сонгогч Сонгогчийн нэрсийн жагсаалтад оржээ. 
Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зургадугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтгэн гаргасан байна. Энэ жагсаалтад нийт үндсэн 1.980.052, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44833 сонгогчийн мэдээллийг тусган, сонгуулийн 1983 хэсгийн санал авах байранд хүргүүлжээ.  

Үүнээс хойш 18 хоногийн хугацаанд буюу зургадугаар сарын 18 хүртэл Сонгуулийн тухай хуулийг үндэслэн “Түр хасав” төлөвийг сэргээсэн 109, шилжин явсан 2774, шилжин ирсэн 1927, иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр 668, нас барсан 1056 буюу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь нийт 6534 иргэнд бүртгэлийн лавлагааны дагуу өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр зургадугаар сарын 26-ны өдөр санал өгөх эрх бүхий сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.978.294, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44274 сонгогч бүртгэгдээд байна. 
"Түр хасав" тэмдэглэгээтэй иргэд сонгуулийн санал авах өдөр хэсгийн хороонд өөрийн биеэр очиж, хурууны хээгээ таниулан эрхээ сэргээлгэх боломжтой юм байна. 

Гэвч анх өгсөн бүртгэлээс шилжин явсан ч шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй, нас барсны бүртгэлээр, мөн харьяатаас гарсан гэх мэт 1906 сонгогч нэрийн жагсаалтаас хасагдсан байна. Улсын хэмжээнд 35 иргэн шүүхийн шийдвэрээр регистрын дугаараа өөрчилснийг бүртгэлийн газраас үнэт цаасанд хэвлэн хэсгийн хороонд хүргүүлсэн аж.  

Сонгогчийн нэрийн жагсаалт өнгөрөгч УИХ-ын сонгуулиас 20649 сонгогчоор нэмэгдсэн байна. Харин "түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч 41 гаруй мянган иргэнээр буурсан байгаа аж. 

ОӨУБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга С.Чинбат "Сонгогчийн нэрийн жагсаалтыг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн цаасан болон цахим хэлбэрээр 5 дугаар сарын 29 гэхэд гаргаж бэлэн болгосон. Мэдээллийн сан хэлбэрээр гаргасан жагсаалтад СЕХ-ны дэргэдэх Ажлын хэсэг, Тагнуулын байгууллага шалгалт явуулсан. Ингэхдээ сонгогч шинэчилсэн бүртгэлд хамрагдсан эсэх, регистрын дугаарын давхардал эсэх, сонгогчийн нэрийн жагсаалтад давхардал орсон эсэх, сонгуулийн насанд хүрээгүй иргэд, нас барсан иргэд бүртгэлд орсон эсэх, хаяггүй, гадаад улсын иргэн байгаа эсэх зэргийг шалгаж баталгаажуулсан. Мэдээллийн санг тагнуулын байгууллага түгжиж, гэрчилгээ олгосон" гэв.
Санал авах өдөр бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан хэсгийн хорооноос тогтмол тайлан ирүүлэх бөгөөд 1983 хэсгийн хороонд 1983 сервер, 571 клиент, нийт 2554 компъютер ажиллах юм байна.  
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ



 
相关新闻