Уул уурхай, эрдэс баялгийн салбарыг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-22 10:43:42
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга А.Гылымхан “Монголын алт” ХХК-нийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямтайшир, тэргүүн дэд Ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Г.Цогт нарыг хүлээн авч уулзаж, аймгийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Аймгийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар ашигт малтмалын  нийтдээ 31 орд, 189 илрэл, 15 эрдэсжсэн цэг, олон тооны геохимийн шлихийн сарнилын хүрээ, гефизикийн аномалууд тэмдэглэгдсэн байдаг. Мөн хүн ам нэлээд нягт сууршилттай, ажиллах хүчний бололцоо, ашигт малтмалын судлагдсан болон судлагдаагүй нөөц их тул тус аймгийн Асгат, Улаан уул, Толбо, Өлгийд олон жилийн тогтвортой үйл ажиллагаатай, Цэнгэл, Сагсай, Булган, Алтанцөгц сумдын нутагт улиралын чанартай вольфром, мөнгө, алт, зэсийн олборлох үйлдвэрийн бүтцүүдийг бий болгох боломжтой гэж судлаачид үздэг юм.

Уулзалтын үеэр “Монголын Алт” ХХК-нийн төлөөллүүд дээрх нөөц боломжуудад тулгуурлан  аймгийн уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллах талаар аймгийн Засаг даргатай тохиролцсон байна. 

Ө.Нурболат
相关新闻