Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад гурван хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-22 09:04:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу зургадугаар сарын 24-ний 00.00 цагаас хаана.

Сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 6-нд эхэлсэн. МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд нээж, "Эвтэй Монгол, Ээлтэй төр" уриатайгаар "Монгол төр - Монгол гэр" хэмээх мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Харин АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий аймгийн Чингис хаан хотод нээсэн бөгөөд "Монгол ялна" уриатай, "Хүчирхэг Монголын төлөө" мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар сонгуулийн сурталчилгаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд нээж, "Өөр гарц байна Бидэнд итгэ" уриатай  сонгуульд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Үүнээс хойш нэр дэвшигчид нийслэл дүүрэг, хөдөө орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна.  
 
Сурталчилгааны сүүлийн өдөр нэр дэвшигчид мэтгэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэр дэвшигчид нэг ч удаа мэтгэлцээн зохион байгуулаагүй,оролцоогүй байгаа юм. Телевизүүдийн холбооноос өмнө нь хоёр ч удаа мэтгэлцээн товлосон боловч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөс шалтгаалан хойшилсон.МАН-ын зүгээс Телевизүүдийн холбооноос зохион байгуулах мэтгэлцээнд орох, АН-ын зүгээс “Монгол HD” телевизээр мэтгэлцэх саналтай байсан бол МАХН-аас аль ч хэвлэл мэдээллийн байгууллагаар мэтгэлцэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв. Мөн нэр дэвшигчид мэтгэлцээн товлосон өдөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа зэрэг шалтгаанаар цуцлагдсан. Сонгогчдын зүгээс нэр дэвшигчдийг мэтгэлцэх нь зүйтэй, мэтгэлцээнээс үндэслэн сонголтоо хийнэ гэсэн байр суурь давамгайлж байна.
Харин энэ удаад гурван намын төлөөлөл хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсаны дүнд МҮОНРТ-ээр зургадугаар сарын 24-нд буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр мэтгэлцэхээр товложээ. Мэтгэлцээнийг бямба гарагт МҮОНРТ-ээр 21:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ. Шууд мэтгэлцээний эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулах бол хоёрдугаар хэсэгт тэдэнд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, нэр дэвшигчтэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж буй болон хувийн чанартай асуултад хариулах боломж олгох юм байна.


Сурталчилгааны самбар гэмтээсэн,
хууль бус сурталчилгаа явуулсан гомдол их байна

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байгаа юм. 
Сонгуулийн тухай хуульд зааснаар, хуулиар зөвшөөрснөөс өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,
сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах, сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх, сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатай устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Мөн сонгуулийн жил эхэлснээс хойш мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглодог.

Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар илрүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох хуулийн зохицуулалттай. Мөн сонгогчид хууль бусаар  мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байгаа.


 
Сөрөг хандлагатай мэдээлэл нэмэгдсээр байна

Сонгуулийн сурталчилгааны агуулгын хувьд "Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч, сөрөг хандлагатай мэдээлэл нэмэгдсээр байна" гэсэн дүгнэлтийг "Глоб интернэшнл" төвөөс хамгийн их үзэгчтэй гэх таван телевизэд хийсэн судалгаагаар гаргасан. Судалгаанд хамарсан телевизүүд хуульд заасан цагийн хязгаараас хэтрээгүй бөгөөд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан гэж үзжээ. Харин МҮОНТ-д далд сурталчилгаа илэрч 6 хувьд хүрсэн бөгөөд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 23 хувьд хүрчээ.   

МҮОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг Сонгуулийн ерөнхий хорооноос сурталчилгаа эхлэхийн өмнө баталсан. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам,  нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож, нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт  15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан.

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зардлын тайлан ил тод биш байгааг судлаачид шүүмжилж байв.Нэр дэвшигчид зөвхөн нэг удаагийн зурагт хуудас, сэтгүүлийн хэвлэлийн зардалд дунджаар 3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн сонгуулийн кампанит ажлын 9 хоногт дээрх судалгаанд хамарсан ТВ9, UBS, C1 ТВ 25 дугаар суваг телевизээр дамжсан сурталчилгаанд дунджаар 1 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо одоогоор гарчээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ийнхүү үргэлжилж байна. Харин зургадугаар сарын 24-ний 00.00 цагаас хойш аливаа хэлбэрээр сурталчилгаа явуулах, зурагт хуудас тараах, самбар байрлуулахыг хуулиар хориглоно. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻