Сонгуулийн Ерөнхий хороонд 34 орны 112 ажиглагч бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-21 17:33:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг ажиглахаар гадаадын 34 орны 112 ажиглагч Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлжээ. 

Жилээс жилд Монгол Улсын сонгуулийг ажиглах гадаадын ажиглагчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд Европын парламентын ассамблей 30 ажиглагчаа ирүүлж байна. Энэ нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг болж байгаа бөгөөд ЕАБХАБ-ын гишүүн Армян, Австри, Чех, Герман, Дани, Франц, Ирланд, Швед, Узбекстан зэрэг орнуудын мөн 35 ажиглагч бүртгүүлээд байна. 

Гадаадын ажиглагчид сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин, сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явцыг ажиглах юм. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр хийж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийх аж.
Н.Туяа
相关新闻