Үзэсгэлэн яармагт Өмнөговийн "Хатан хармаг" ХХК оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-16 14:47:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод болж байгаа “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2017”  үзэсгэлэн яармагт Өмнөговь аймгийн "Хатан хармаг" ХХК-ийн хамт олон бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Тус компани нь говийн хармаг жимсээр долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд  хармаг жимсний цай, хармаг жимсний цэвэр шүүс гэсэн хоёр бүтээгдэхүүнээрээ дээрх яармагт оролцож байгаа ажээ.


"Хатан хармаг" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Баярчимэг нь говь нутгийнхаа байгалийг хамгаалах, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2012 оноос эхлэн ажилласан байна. Тэрээр 2012  онд “Амин Хэлхээ" байгаль хамгаалах санг байгуулан байгалийн жимст бут хамгаалах төслийг анх санаачилсан бөгөөд 2013 онд байгаль хамгаалах, нийгмийн ухамсарт эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор богино өгүүллэгийн “Амин Хэлхээ” номыг хэвлүүлэн иргэдэд тараажээ. Мөн 2014 онд хармаг жимсээр бүтээгдэхүүн боловсруулахаар түүхий эд, нөөцийн болон хармаг түүх, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх судалгаа туршилтын ажил хийж хармагаар цай, ундаа, өтгөрүүлсэн шүүс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилтууд хийж үзсэн байна. 
"Хатан хармаг" ХХК нь Монгодоо анх удаа говийн хармаг жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2017”  үзэсгэлэн яармагийг МҮХАҮТ-с Монгол Улсын Засгийн газартай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. 2017 оныг Монгол улсын Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, МҮХАҮТ-аас “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн үзэсгэлэнд байгальд ээлтэй, үр ашигтай экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон Олон Улсын стандартад нийцсэн импортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг 6 улсын 11 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцож байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн
相关新闻