Хөх нуурын экосистемийн хоёрдугаар ээлжийн судалгаа ирэх сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-16 11:59:44
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн нам дор газарт байрладаг Хөх нуурын экосистемийн 2-р ээлжийн судалгааг ирэх сард явуулахаар товложээ. Сүүлийн жилүүдэд Хөх нууран дахь шаамий хорхой хэт олширсон нь загасны тоо эрс багасахад нөлөөлж, тэр хэрээр нуурын экосистем алдагдаж эхэлсэн юм.
Дорнод аймгийн БОАЖГ-аас энэ тал дээр анхаарч, байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг “Хүрэн баавгай” ХХК-тай хамтран Хөх нуурын экосистем дэх судалгааны ажлыг эхлүүлсэн. “Хүрэн баавгай” ХХК-ийн судалгааны багт Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид ажиллаж, эхний ээлжийн судалгааг энэ оны 5-р сарын сүүлээр явуулсан бол дараагийн судалгаа ирэх сарын 20-ноос эхлэн 20 гаруй хоног үргэлжлүүлэх юм байна. 
Шаамий хорхой нь хавчны төрөлд тооцогддог амьтан. Цөөн тоотой байхдаа гол, нуурын ёроолын сэг зэмээр хооллож усыг цэвэршүүлдэг бол олшроод ирэхээрээ болхи хөдөлгөөнтөй загаснуудын сэрвээнд наалдах, түрсээр хооллох, тэр байтугай нуурын усанд орсон мал амьтны биед шимэгчилж шархлуулах зэргээг хор хохирол учруулдаг ажээ.
Д.Дэлгэрмаа
相关新闻