Гэрээнийхээ дагуу ажиллахыг “Их хаадын цуваа” ХХК-т анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-14 14:40:12
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимтэй явагдаж байгаа ч зарим нь гэрээгээ зөрчиж ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй байх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний нэг нь БНЧУ-ын “FINEP” гурппын хөрөнгө оруулалтаар “ Их хаадын цуваа” ХХК –ийн барьж буй “Евро эко хороолол” буюу 7А хороолол юм. 
2012 оноос хойш өнөөдрийн байдлаар  270 айл 6 блок байр ашиглалтад орсон. 2020 он хүртэл 3474 айлын орон сууц, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн багтаамжтай сургууль, худалдаа үйлчилгээний төв барих ёстой юм. Үүний бүх санхүүжилт 100 хувь Чех улсаас гарахаар анх гэрээ байгуулжээ. Харин орон нутаг газрыг нь үнэ төлбөргүй олгож инженерийн шугам сүлжээнд  улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний хариуд “ Их хаадын цуваа” ХХК барилгажилт хийх газарт орсон 70 айлтай гэрээ байгуулж энэ онд орон сууцаар хангах, хорооллын дундах авто зам, гадаргуун ус зайлуулах систем барьж 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг эхлүүлнэ гэж гэрээнд туссан байдаг юм. Гэвч “Их хаадын цуваа” ХХК гэрээнийхээ үүргийг биелүүлэлгүй сул, чөлөөтэй талбайд барилга барьж, авто зам, ус зайлуулах систем барих хэсэгт байгаа айлуудыг төр  чөлөөлөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа нь буруу юм гэж ГХБХГ-ын мэргэжилтэн хэллээ. Тодруулбал, “Төслийг эхлүүлэхэд байгуулсан гэрээгээр Их хаадын цуваа ХХК-д иргэдтэй тохиролцож газрыг чөлөөлөх, техникийн нөхцлийг гаргах зэрэг бүх эрхийг олгосон. Манай байгууллага дэмжлэг үзүүлэх л үүрэгтэй. Мөн төр захиргааны байгууллагаас иргэдийн хувийн өмчид халдаж газар чөлөөлөх талаар ямар нэгэн журам гаргах эрх зүйн боломж байхгүй” гэж ГХБХГ-ын мэргэжилтэн Б.Одбаатар онцолсон юм.
Иймд “Их хаадын цуваа” ХХК гэрээнийхээ дагуу ажиллах л үүрэгтэй гэж хоёр талын хамтарсан уузалтын үеэр төрийн байгууллагын удирдлагууд хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻