"Ухаалаг боловсрол" төсөлд Баян-Өлгийн зургаан сургууль хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-14 11:58:05
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Ухаалаг боловсрол" төсөлд тус аймгийн Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, Бугат сумын бүрэн дунд сургуулиуд тус тус хамрагдахаар болж, батламжаа гардан авчээ.

Төслийн хүрээнд дээрх сургуулиадад 112400 ам.долларын үнэ бүхий мэдээлэл зүй, лингафон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв байгуулагдах аж. «Бид одоогоор сургуулиудаа 3 төрлийн төсөлд хамруулаад байна. "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөр 36 сургуульд 142,5 сая төгрөгийн ажил хэрэгжээд эхэллээ. Сургуулиуд сургалтын орчноо сайжруулах чиглэлээр өөрсдөө төсөл боловсруулж салбарын яамд хүргүүлсэн. Үүнээс 7 төсөл шалгарч, 48,6 сая төгрөгийн санхүүжилт авахаар боллоо. Мөн яамнаас явуулсан санал асуулгын үр дүнд "Ухаалаг боловсрол" төсөлд ийнхүү 6 сургууль хамрагдаад байна» гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.  
 
Тус төсөл нь ирэх шинэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд сургалтын орчин, мэдээллийн технологид суурилсан сургалтын чанар сайжирч, аливаа шалгалтыг онлайнаар өгөх боломж бүрдэх аж.    
 

Ө.Нурболат
相关新闻